×
2023-08-10

Байт харвааны 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-13-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360" талбайд болно.

Тэмцээнийг Монголын байт харвааны холбоо Төрийн банктай хамтран зохион байгуулж байгаа юм. 

Тус тэмцээнд нийт 13 байгууллагын 200 гаруй тамирчин рекурв болон компаунд төрлөөр 10 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм. 

Энэ удаагийн тэмцээн Олон улсын стандартын дагуу урьдчилсан харваагаа дөрвөн зайнд явуулах бөгөөд эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайнд, эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайнд харваж оноолтоо тааруулах юм. Тамирчид нийт 144 сум харвах ба нийт 1440 онохоос оноогоо тоолж эхэлдэг байна. 

Энэхүү тэмцээнд тамирчид цол зэрэг хамгаалах, рекорд оноог эвдэх бүрэн боломжтой байдаг. Учир нь М1 буюу дөрвөн зайн тэмцээнийг хоёр жилд нэг удаа явуулж байгаа аж. Бусад тэмцээнүүдийг Олимпын зай буюу 70*2-т нийт 72 сум харвуулдаг байна. 

Олон улсын хэмжээний мастер цолыг 1300, Спортын мастер цолыг 1200, Спортын дэд мастер цолыг 1100 онож бататгана. 

Дашрамд, 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /Монголын Бүх ард түмний XV дугаар Их наадам/-ий эрэгтэй ганцаарчилсан харваанд Алдар спорт хорооны тамирчин, Спортын мастер Б.Буянтүшиг, эмэгтэй ганцаарчилсан харваанд Хангарди клубын тамирчин, ОУХМ Ж.Дагийжанчив нар алтан медаль хүртэж байв.