×
2023-07-27

Жүдотой төстэй спорт бол жюү жицү. Энэ спорт манай улсад сүүлийн хэдэн жил эрчимтэй хөгжиж байна. Учир нь саяхан ДАШТ Монголд болж өндөрлөлөө. Тэмцээнээс манай улсын тамирчид 36 медалийг хүртэж, жюү жицү хөгжиж байгаа гэдгийг дэлхий дахинд баталлаа. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн М.Сугарыг урьж ярилцлаа. Түүний хувьд 2013 онд болсон ДАШТ-ийн цэнхэр бүсийн ангиллаас Монголын анхны алтан медалийг хүртэж байсан юм.

 

-Монголд анх удаа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медалийг хүртлээ. Медалийн төлөөх барилдаан их хүнд болсон биз?

-Манай улсад болсон ДАШТ бүсний ангилалгүй болсноороо онцлог. Тиймээс хүнд жинтэй тамирчидтай их таарч, барилдаан бүр хүнд болсон. Өөрөөсөө 20- 30 кг-аар хүнд жинтэй хүмүүстэй барилдсан гэсэн үг. Бүгдийг нь ялах ёстой гэсэн бодолтой оролцсон учраас өөрийгөө дайчилж, чадах бүх зүйлээ гаргаж барилдахыг хичээлээ. Хэсгийн барилдаанууддаа амжилттай барилдаж, ялагдалгүй тэмцээнийг үргэлжлүүлж суухдаа “Алтан медаль авч шавь нартаа харуулах юм шүү” гэсэн бодол тээсэн. Гэвч мөнгөн медалийн төлөөх барилдаанд ялагдаж, хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. Гэтэл өөрөөсөө нэлээд жинтэй бөхтэй таарч, нэмэлт цаг сунгаснаар 10 минутын барилдааныг үзүүлсэн. Эцэст нь ялж, 10 жилийн өмнөх мэдрэмжээ дахин сэргээсэндээ баяртай байна.

-10 жилийн өмнөх дэлхийн аварга одоогийнх хоёр юугаараа ялгаатай байв?

-Тухайн үед өөрийн бүсний ангилалд алтан медаль хүртэж байсан бол энэ удаад ангилалгүй төрөлд оролцож, хүрэл медаль хүртлээ. 10 жилийн өмнө гэхээр би 28 настай, залуухан, хүчтэй байсан үе. Бусдаар сэтгэл хөдлөл, мэдрэмжийн хувьд ялгаагүй. Харин ур чадварын хувьд өөрийгөө дутмаг байгаагаа мэдэрсэн. 

-Өөрийн орны дэвжээн дээр дэлхийн аваргын тэмцээнд оролцсон болохоор айдасгүй, сэтгэл амар байв уу?

-Гэр бүл болон шавь нарынхаа өмнө өөрийн чадварыг харууллаа. Тэднийхээ өмнө ялж, амжилт гаргана гэдэг амаргүй даваа. Мөн Монголын үзэгчид ирж дэмжсэн нь үнэхээр сайхан байсан шүү.

-Анх ДАШТ-ий эрх олгох барилдаанд ялагдаж, тэмцээнд орол­цохооргүй байдалд хүрсэн гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Тэмцээн эхлэхээс өмнө Монголоос оролцох тамирчдын сонгон шалгаруулалт болсон. Эхний хоёр байрт шалгарсан тамирчид ДАШТ-д оролцох боломжийг жюү жицүгийн холбооноос олгосон юм. Тухайн тэмцээнд гуравдугаар байрт шалгарч нутаг буцсан. Хэсэг хугацааны дараа саналын дагуу дахин тамирчид оролцуулахаар болсон юм билээ. Ингээд дараа над руу залгаж, тэмцээнд оролцохоор болсон шүү гэж хэлсэн. Би ч Улаанбаатар руу хөдөлж, бэлтгэлдээ шамдсан.  

-Таны хүүхэдтэйгээ дэвжээн дээр хамт авхуулсан зураг цахим сүлжээнд олны хайрыг татаж байгаа харагдсан?

-Охин маань найман сартай. Хань минь намайг үргэлж дэмжиж, тэмцээнд явахад охиноо аваад, цуг явчихдаг. Бараг хөлд ороогүй байхаасаа л дэвжээн дээр гарч, олон тэмцээн үзэж байгаа. Энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд охин бид хоёр сар гаран гэртээ харилгүй бэлтгэл хийсэн. Тэмцээний дараа охинтойгоо дэвжээн дээр даруулсан зураг цахим сүлжээнд байршсан. Олон эерэг сэтгэгдэл бичиж, урам хайрлаж байгаа хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  Д.ДАРАМБАЗАР