×
2023-07-18

Спорт бүр өөрийн онцлогтой. Харин дугуйн спорт нь эр зориг, тэвчээр шаарддаг билээ.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор дугуйчин Б.Гэрэлийг урилаа. Тэрбээр өнгөрсөн сард ОХУ-ын хилийн зурвасаас БНХАУ-ын хил хүртэл дугуйгаар аялсан юм.

 

-Та өнгөрсөн сард дугуйтай аялал хийсэн. Аяллын сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Би дугуйн аяллаа Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Улаанбайшин боомтоос эхлүүлсэн. Энэ үеэс ээж минь намайг машинаар дагаж, хамт аялсан. Дорнод аймгийн Хавирган боомтын 1495 шон  хүрч, нийт 2593 км замыг туулж аяллаа өндөрлөөд байна. Миний аяллын зорилго нь амжилт гаргах, рекорд тогтоох байгаагүй. Харин дугуйгаар аялж, аз жаргалыг мэдрэх. Өөрийгөө тус аялалд сорихдоо бүх эрсдэлээ үүрээд зориглосон нь энэ.  Өмнө нь баруун хязгаараас зүүн хязгаар руу аялсан дугуйчин байдаггүй юм билээ. Харин баруун хязгаараас Улаанбаатар хүртэл  аялсан нэг эгч байдаг гэж сонссон.  Дугуйгаар явсан хугацаа 16 хоног, нэг хоногт нь амарсан. Тиймээс 17 хоног  ээжтэйгээ хамт явж аяллаа өндөрлөсөн шүү.

-Аливаад төлөвлөгөө чухал. Өдөрт хэдэн км туулах зорилготой байсан бэ?

-.Аяллын турш нэг өдөрт хамгийн ихдээ 230 км-ийг туулсан. Өдөрт 200 км явна гэж төлөвлөсөн ч зарим  тохиолдолд 170 км зам яваад амар ч байлаа. Туулсан замд салхи шуурга тохиож хялбар байгаагүй. Харин бороотой таараагүй нь аз. Мөн Арвайхээрд явж байхад шуурга болоод 50 км зам туулаад аюулгүй байдлаа бодоод  хоносон. Тухайн үед өгсөхөд илүү амар, уруудахад  хэцүү  санагдсан. Учир нь би олон км явж байгаа учраас ямар нэгэн эрсдэл гаргаж болохгүй. Эрүүл мэнддээ анхаарч эмийн сандаа ойр зуурын хэрэгтэй эм, анхны тусламжийн эд зүйлс бэлдэж аялалдаа гарсан. Аялалд гарсан эхний өдөр бие бага зэрэг буларч байлаа. Мөн удаан хугацаагаар дугуй унаад явахаар өвдөгний үе, мөр зэрэг өвдсөн үе бий.

-Аяллаа эхлүүлэх болсон түүх нь сонирхолтой санагдаж байна?

-Би гурван жилийн өмнө дугуйн спортоор хичээллэсэн. Анх дугуй унахад тайвширч, эрх чөлөөг мэдэрсэн. Тухайн үед Монгол орныхоо засмал замаар дугуйтай явах дэврүүн мөрөөдөлтэй болж билээ. Тиймээс улсынхаа баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл явж үзэх сэдэл төрсөн. Тиймээс ээжтэйгээ хамт  аялалд гарсан. Ер нь ээжээс өөр хүн аялалд гарахыг мэдээгүй. Говь-Алтай аймагт явж байхдаа ахдаа хэлэхэд “Ийм аялалд эмчтэй явдаг шүү дээ. Ямар зоригтой юм бэ” гэж хэлж билээ. Харин жилийн өмнөөс аялалдаа бэлдэж, төлөвлөхдөө дугуйгаар аялах тухайгаа ээждээ хэлж байсан юм.

-Аялалд ээж нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Барианд ороход их баярлаж, бахархсан нь лавтай?

-Аяллын турш миний хажууд түшсэн хүн бол ээж. Хамаг зүйлийг минь зохицуулсан даа. Барианд ороод ээждээ үнсүүлэх хамгийн сайхан мэдрэмж байсан. Ээж минь охиноороо бахархаж “Миний охин чадлаа” гэж хэлсэн. Миний ээж үнэхээр  мундаг эмэгтэй бий. Миний төлөө бүхнээ зориулдаг ачтан.

-Замынхаа маршрутыг ээжтэйгээ ярилцаж гаргасан уу?

-Би Ховд аймгийнх болохоор нутаг руугаа явсаар зам мэддэг болсон нь аяллын туршид давуу тал боллоо. Харин нэг нутгаас нөгөө аймгийн төв рүү ороход байршил тогтоогч ашигласан. Төөрчих байх гэж санаа зовж байсан газар нь Дорнод аймгаас Хавирга боомт орох зам. Олон хэсэг шороон замтай юм билээ. Хүнээс асуухаар тод замаа бариад яв гэж зөвлөж байсан.

-Мэдээж шороон замаар явах амаргүй байсан байх. Туулсан зам хэр бартаатай байв?

-Орон нутгийн замд зорчиж буй жолооч нар их хүндэтгэлтэй хандсан. Замд машинуудтай зөрөхөд жолооч нар зогсож зөрүүлж байсан шүү. Харин орон нутгийн зам харьцангуй хялбар байлаа. Хотоор дайрч өнгөрөхөд жолооч нар нь соёл муутай нь ажиглагдсан. Мөн өмнөх дугуйн аяллуудыг судлаад үзэхэд уулын замын дугуйгаар аялсан хүн байдаггүй юм билээ. Харин миний аяллын онцлог засмал замын дугуйгаар ихэнх замаа туулсан. Учир нь би засмал замын дугуйгаар хичээллэдэг. Дугуйн спорт намайг тэсвэр тэвчээрт сургасан шүү.

-Дугуйчид уулын болон засмал замын дугуй унадаг. Та засмал замын дугуйгаар хичнээн км-ийг туулсан бэ?

-Өмнөх дугуйн аяллуудыг судалж үзсэн. Ихэнхдээ уулын дугуйгаар аялсан байдаг юм билээ. Миний аяллын нийт замын 120 км шороон зам байлаа. Үлдсэн 2465 км-ийг засмал замын дугуйгаар туулсан. Миний дугуйн хурд хамгийн дээд тал нь 100 км хүртэл хурдлах боломжтой. Гэхдээ би хол замд явж байгаа учраас аюулгүй байдлаа бодоод уруу газар ихдээ 50 км хурдалсан. Хэсэг газар л шороон зам орж ирэхэд миний дугуйны хурд саардаг. Анх Баян-Өлгий аймгаас аяллаа эхлэхдээ засмал замын дугуйтай байсан. Харин Улаанбаатар хотоор дайрч өнгөрөхдөө дүүгийнхээ уулын дугуйг авч аяллаа үргэлжлүүлсэн.

-Аяллын туршид юунд төвлөрч, анхаарч байв. Мөн аюулгүй байдлаа хэрхэн хангаж байсан бэ?

-Техникийн бүрэн бүтэн байдалдаа түлхүү анхаарсан. Мөн аюулгүй байдлаа хамгаалсан хувцас өмсөх хэрэгтэй. Дугуй унах үедээ тод өнгийн хувцас өмсөх нь чухал. Баян-Өлгий аймгийн Бураатын даваа, Хашаатын даваа хоёрыг давахад хойд талын дугуй хагараад хий нь гарчихсан.  Сольж өгөх хүн байгаагүй учраас анх удаа өөрөө дугуйгаа засварлаж үзсэн нь надад их туршлага болсон.

-Дугуйчид унах дугуйгаа өөртөө тохируулж сонгодог юм билээ. Аяллын дараа танд юу бодогдсон бол? 

-Би аялалд гарсан дугуйгаа хоёр жилийн өмнө авсан. Өөрийн онцлогтоо таарсан дугуй сонгосон гэхүү дээ. Тухайн үед энэ дугуйгаар аялалд гарна гэж бодож байсан. Бодол маань ч биелэлээ. Аяллаа дуусгаад дүгнэж бодоход урьдчилсан бэлтгэл чухал санагдсан. Явсан замынхаа нөхцөл байдлыг дурсгал болгож хадгалъя гэж бодсон. Тиймээс зураг, бичлэг хийх төхөөрөмж авч явсан ч ашиглаагүй. Замд яваа үед зураг авах боломж бага байсан болохоор тэр л дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Баатарын НЯМСҮРЭН