×
2023-07-21

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Тэжон хотын салбарын дарга Юн Сун Хвангтай Орхон аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн М.Балжинням хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

 

Монголын Сэтгүүлдчийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар нь 100 гаруй буюу хамгийн олон гишүүнтэй аймгийн нэг юм. Тус аймагт NBTV, ETV, Тусгал1, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт” телевиз, 10 гаруй сайт, 3 радио, 2 студи тогтмол ажиллаж байна. Үүнд 40 гаруй сэтгүүлч, уран бүтээлч ажиллаж байна. Мөн чөлөөт болон ахмад сэтгүүлчид уран бүтээлээ тогтмол туурвиж байна.

Иймд хоёр улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран туршлага судлах, уран бүтээл, контент бүтээхэд хамтрах зорилгоор гэрээ байгуулжээ.

 

Тэжон хот нь БНСУ-даа  шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний төвлөрсөн хот гэдгээрээ онцлогтой. Тус хотод 1400 гаруй сэтгүүлч, уран бүтээлч Сэтгүүлчдийнхээ холбоонд харьяалагддаг байна. Мөн тус хотын харьяанд Сэжон хэмээх шинэ хотыг байгуулан 500 гаруй мянган хүн амтай, хөгжлийн бүс нутаг болгон хөгжүүлж байгаа ажээ.

 

Иймд хоёр улсын хөгжил дэвшлийг харилцан сурвалжлах нь гэрээний зорилго юм. 

Эх сурвалж: Montsame.mn