×
2023-07-21

Чингис /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан өнгөрсөн зургаадугаар сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллахаар хэлэлцсэн.

Энэ үеэр төрийн дөрвөн байгууллагаар биечлэн орж танилцсан бөгөөд үүнээс Хэрлэн дөрөвдүгээр сургуульд ус цэвэршүүлэгч олгохоор шийдвэрлэсэн юм. Үүний дагуу өнөөдөр тус сургууль дээр 10 сая гаруй төгрөгийн үнэ бүхий таван ширхэг ус цэвэршүүлэгч суурилууллаа.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн эдгээр ус цэвэршүүлэгч нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн, усыг цэвэршүүлэхээс гадна гэрлээр ариутгах системтэй, хүүхэд халуун усанд түлэгдэхээс хамгаалсан цоож, зэвэрдэггүй ган цорго, нано шүүлтүүрүүд, мэдрэгчтэй дэлгэцтэй гэх мэт олон давуу талтай аж.

 

Хэрлэн дөрөвдүгээр сургууль нь 1134 сурагчтай бөгөөд эдгээр хүүхдүүдийн ундны усны асуудлыг шийдэж, эрүүл мэндэд нь үнэтэй хувь нэмрээ оруулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Montsame.mn