×
2023-07-21

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн туг, лого бэлгэдлийн загварыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас 2002 онд баталснаас хойш өөрчлөөгүй байна.

 

Хутагтуудын өлгий нутаг Завхан аймаг нь Ардын хувьсгалаас өмнө буюу 16-17 дугаар зууны үед Засагт хан, 1923-1930 онд Хан тайшир уулын аймаг, 1931 оноос 21 сум, 209 баг, 1272 өрх, 52 мянган хүн амтай, 1 сая 350 мянга орчим малтай үүсэн байгуулагдаж өнөөг хүртэл үүх түүхээ зузаалсаар байна. Тус аймаг энэ сарын 24-өөс 28-ний өдрүүдэд түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Завхан аймгийн логоны бэлэг тэмдэг нь:

-Цэнхэр гарагийг дүрсэлсэн хөх өнгийн дугуй дээр бат бэхийг бэлгэдсэн, дөрвөн зүг найман зовхист мөнхөд тэмүүлж байх цагаан өнгийн зөрүүлсэн очир буюу Нацагдорж хээг суурь болгон хутагтуудын нутаг гэдэг санаагаар оруулжээ.

Харин дотор талын дугуй хэсэгт Завхан нутгийн цаст цагаан Очирваань хайрхан, байгалийн онцлогийг харуулсан хангай, говь, хээр тал, тунгалаг рашаан голуудаа, дэлхийд ховор вансэмбэрүү цэцгийг нүдний цөцгий мэт хайрлах зүйл юм гэдэг санааг оруулсан байна.

Гадна хөх дугуйн доод хэсэгт суурь болгон “Завхан аймаг” гэсэн үгийг цагаан өнгөөр бичиж өнө мөнхөд өөдөлж байхыг бэлгэдэж байрлуулсан байна.

2002 онд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 12 дугаар хурлаар анхны лого, тугийн загварыг албан ёсоор баталсан.

 

Завхан аймгийн туг далбааны бэлэгдэл нь:

 

-Дээд хэсэгтээ мөнх хөх тэнгэрт цэвэр ариуныг бэлгэдсэн цагаан өнгөөр Отгонтэнгэр хайрханыг дүрсэлж, доод хэсгийг нь эрч хүчийг илэрхийлсэн улаан өнгөөр мандан бадрахыг бэлгэджээ. 

Эх сурвалж: Montsame.mn