×
2023-07-24

УДБЭТ-ын уран бүтээлчид үзвэрийн хаалтын тоглолтоо А.Аданы “Жизель” бүжгэн жүжгээр хаасан билээ. Тэгвэл ирэх намар үзвэрийн нээлтээ уламжлал ёсоор алдарт “Хунт нуур” балет болон “Учиртай гурван толгой”дууриар хийхээр төлөвлөж буй. Тус бүтээлүүдийн тухай товч мэдээлэл хүргэе.

 

Үнэнч хайрыг өгүүлдэг “Хунт нуур”

Чайковский ''Хунт нуур" бүжгэн жүжгээ 1875-1876 онд үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэн бичжээ. Үзэсгэлэнт гүнж болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг.Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг ажээ .Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг түүхтэй. Харин бүжгэн жүжгийн чимэг болсон нэг дүр бол хар хун юм.Түүний ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр.Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчингээс асар их ур чадвар, техник шаарддагаараа алдартай. Харин тус бүтээлийн хамгийн гайхалтай хэсэг бол хунгийн дөрвөлийн хэсэг.Тэр хэсэгт эмэгтэй хүний турьхан хөл, хунгийн тэр л эрхэмсэг занг их  гоёоор илэрхийлсэн байдаг. 1975 онд П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг анх Монголын театрын тайзнаа тавихаар орос мэргэжилтэн иржээ. Тэрбээр театрт Ардын жүжигчин Ю.Оюуныг хараад анхны хар¬цаар л “олзолсон” гэдэг. Орос мэргэжилтэн  "Миний цагаан хун энэ байна. Олчихлоо" гэж дуу алдсан тухай яриа, дурсамж олон бий.

 

Монголын анхны үндэсний дуурь

"Халхын сайхан Юндэн гөөгөө" гэх нэрийг сонсоогүй, дууг нь аялаагүй монгол хүн үгүй биз ээ. Тэрбээр үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй Сийриймаатай хайр сэтгэлээр холбогдсон ч ханилан суух зам нь даанч бэрх байжээ. Бал гүнгийн зүгээс ирэх дарамтны эцэст нь хоёул амиа алдан төгсдөг эмгэнэлт домгоос "Учиртай гурван толгой" жүжгийн санааг авсан гэдэг.1934 онд "Бөмбөгөр ногоон" театрын залуу найруулагч Д.Намдаг театртаа тавих шинэ жүжиг бичүүлэхээр зохиолч анд Д.Нацагдоржийнд зочлон учир байдлаа хэлэхэд дээрх домгийн санааг хэлж, тэд хоёр цагийн дотор жүжгийн гол үйл явдлыг ярилцаж, сийрүүлэн буулгасан түүхтэй. Харин 10 жилийн дараа Улсын төв театр шинэчлэн тавих шийдвэр гаргаж, Ц. Дамдинсүрэн цомнолыг, Б.Дамдинсүрэн аялгуу, хөгжмийг нь  шинэчилсэн гэдэг. Ингээд эмгэнэлт төгсгөлийг эсрэгээр нь өөрчилж, дүрийн нэрүүдийг Юндэн, Нансалмаа болгосноор Монголын анхны үндэсний дуурь бүтсэн түүхтэй. Ийнхүү аялгуут жүжгээс хөгжимт жүжиг болж агуулгын хувьд ч, хөгжмийн хувьд ч олон шат ахиж дуурийн түвшинд очсон тус бүтээл өдгөө ч УДБЭТ-ын тайзнаа эгшиглэсээр байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА