×
2023-07-17

Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан “Монгол наадам, монгол бөх” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд дэлгэжээ.

 

Долоон түрүү хүртсэн Б.Түвдэндорж аварга 

 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үзэгчид болон жуулчдын үзэж, сонирхсон гол үзвэрийн нэг нь Монголын Үндэсний музейд нээлтээ хийсэн “Монгол наадам, монгол бөх” гэсэн энэхүү үзэсгэлэн байсан юм. Цаг үеэ олж, цаглашгүй хүчит бөхчүүдийн бахархам түүхээр аялуулсан тус үзэсгэлэнгийн онцлох үзвэрийн нэг нь   Далай даян дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Түвдэндоржийн бөхийн хувцас хэрэглэл, үнэмлэх зэргийг дэлгэсэн нь байв. Монгол бөхийн түүхэнд өөрийн нэр алдрыг цуурайтуулж, уран хурц барилдаанаараа домог болж үлдсэн Б.Түвдэндорж аварга Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал суманд 1916 онд төржээ. 14 настайдаа нутгийнхаа “Эргэл хайрхан” уулын овоо тахилгын наадамд анх удаа зодоглон түрүүлж, бөх болох гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрбээр улсын их баяр наадамд долоон удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж, найман удаа шөвгөрсөн улам нэмэх, үнэн дэлгэрэх, харьшгүй хүчит, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, далай даян, дархан аварга юм. Б.Түвдэндорж аваргын эдэлж хэрэглэж байсан зодог шуудаг болоод хувцас хэрэглэл нь ийнхүү бөхөө дээдэлдэг монгол түмний мэлмийг баясгаж, үзэсгэлэнд мөнхөрлөө.

 

Тав дарааллан түрүүлсэн Д.Дамдин аварга

 

“Монгол наадам, монгол бөх” үзэсгэлэнд монгол бөхчүүдийн зодог шуудаг, түрүүний боолт, ногт, болон уран зураг, сийлбэр зэрэг 60 гаруй үзмэрийг дээжлэн хүргэсэн юм. Үзэсгэлэнг сонирхсон үзэгчид зөвхөн бөхчүүдийн түүхээр аялахаас гадна эрийн гурван наадмын чимэг болсон  хурдан морь, сур харваа болоод Халх их язгууртан Автай сайн ханы шүтээн хөрөг, Далай даян аварга Цэвэгийн Буянтогтох, Дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дарийн Дамдин нарын уран зураг зэрэг олон сонирхолтой үзмэрийг үзэх боломжтой байв. Дарийн Дамдин аварга 1931 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Пүрэвийн хүү болон мэндэлжээ. Түүнийг зургаан настайд эцэг нь өөд болсон тул ээжээрээ овоглох болсон байна. Д.Дамдин багаас адуу малтай ноцолдох, түлээ мод бэлтгэх зэрэг хүчний ажилд сайн байсан гэдэг. Тэрбээр 16 настайгаасаа сумынхаа наадамд барилдаж эхэлсэн ч 20 нас хүртлээ гурваас илүү давж чадаагүй байна. Д.Дамдин улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс тав дараалан түрүүлж, таван түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА