×
2024-06-18

Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газраас үер усны аюулаас тогтмол сэрэмжлүүлж буй. Хамгийн сүүлд Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Өлзийт багт өчигдөр /2024.06.17/ 17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас 30-40 орчим айл үерийн усанд автжээ. Тус дуудлага өчигдөр 17:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

Нийт нутгаар ойрын өдрүүдэд түр зуурын аадар бороо орохыг цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Хүчтэй аадар борооны үеэр машины дээр мод унах, барилгын дээвэр хийсэх, аянгад хүн цохиулах зэрэг эрсдэл учирч болзошгүй. Тиймээс онцгой байдлын газраас цаг агаарын мэдээлэлтэй тогтмол танилцах, холын замд гарахтай зориулалтын замаар зорчихыг зөвлөлөө.

Мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.