×
2024-05-27

Хан-Уул дүүргийн АН-аас тус дүүргийн иргэдийн тэгш төлөөллийн зарчим алдагдаж байгаа талаар мэдээлэл хийж, орон нутгийн удирдлагад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн АН-ын дэд дарга Ж.Нямаатай ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн АН-аас орон нутгийн сонгуульд хан-уулчуудын оролцоог илт тэгш бусаар хуваарилсан, иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудал гарсан талаар мэдэгдэл хийсэн. Энэ талаар орон нутгийн захиргааны зүгээс та бүхэнд ямар хариулт өгч байна? Энэ ер нь юунд зориулагдсан  гэж та бодож байна?

-Ер нь бол ойлгомжтой. Хан-Уул дүүрэг бол 180 мянга орчим сонгогчтой, маш том дүүрэг. Энэ олон сонгогчдын эрхийг зөрчиж болохгүй, сонгох сонгогдох эрхийг нь боогдуулж байна, тэгш бус хуваарилалт хийж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Шаардлагаа хүргэхээр биднийг Хан-Уул дүүргийн Тамгын газар, Иргэдийн хурал  дээр очиход өглөө ажлын өдөр 09-10 цаг хүртэл,бүтэн цаг ямар ч дарга, хэн ч байхгүй, туслахууд нь хүртэл хаалгаа түгжээд явчихсан.  Бүхэл бүтэн том дүүрэг арай ч ингэж эзэнгүй юм шиг байж болмооргүй.  

-Эсвэл албаар алга болчихсон юм болов уу?

-Эсвэл албаар явчихсан уу, мэдэхгүй. Юутай ч бид шаардлагаа хүргүүлсэн, хэвлэлийн бага хурал хийсэн. Шаардлагын гол санаа нь  4500  сонгогчтой нэг хороонд Иргэдийн хурлын 3 мандат, 10 мянга гаруй сонгогчтой хороон дээр 1 мандат. Энэ нь өөрөө яаж ч харсан тэгш бус хуваарилалт. Тэнд байгаа 1500 иргэнийг төлөөлж байгаа нэг төлөөлөгч, 10 мянга гаруй сонгогчтой нэг тойргийг төлөөлж байгаа нэг төлөөлөгчийн ажлын  хуваарилалт ямар байх вэ?

Дээрээс нь энд 10 мянган хүн нэг төлөөлөгчтэй байхад, тэнд яахаараа 4500 сонгогчтой нэг хороо 3 хүнээр төлөөлүүлэх вэ? Энэ чинь нөгөө төлөөллийн зарчим алдагдчихаж байна шүү дээ.  

-Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдөдөө тохируулсан, өөрсдөдөө ашигтай хуваарилалт хийж байна гэж хэлж болох уу?

-Ер нь бол тэгж харж байгаа. Эрх баригч нам өөрийнхөө хатуу гишүүнчлэлд зориулсан, хатуу гишүүнчлэлээр дамжуулан санал авах сонгуулийн зураг зураад байна уу гэсэн хардлага байна.

Төрийн албан хаагч хувь хүн аль ч намыг, хэнийг ч дэмжих нь тухайн хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийн асуудал. Гэтэл одоо эрх баригч нам төрийн алба хашиж байгаа төрийн албан хаагчийг яг манай намын, манай хүнд саналаа өгөхгүй бол ажилгүй болно, намынхаа төлөө ажиллана гэсэн даалгавар өгчихдөг, систем ажиллуулж байна. Энэ бол тухайн иргэн хүн төрийн албанд ажиллаж байгаагийнхаа төлөө дарамтанд орж байгаа хэрэг биз дээ. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн хуулийн систем гэж харж байна.

-Орон нутгийн сонгуульд ийм зүйл гарч ирж байгаа юм байна. Одоо УИХ-ын сонгуульд ямархуу тэгш бус, шударга бус асуудал гарч магадгүй гэж болгоомжилмоор байна?

-Ер нь иргэд сонгогчдыг залхааж байна. Сонгууль болгоноор л энэ аргуудаа хэрэглэдэг.  Сүүлдээ сонгогчид маань итгэл найдваргүй, “Тэртэй тэргүй эрх барьж байгаа нам худалдаад авчихсан юм чинь, угаасаа л ийм” гэсэн хандлагатай болгож байна. Энд ч сургуулийнхныг бөөнөөр нь гадагшаа аялууулж байна, тэнд ч нэг арга хэмжээ зохион байгуулж байна.  Энэ бүхнээс иргэд, сонгогчид залхаж байна шүү дээ.

-Та тэгэхээр иргэд сонгогчдодоо хандаж юу хэлмээр байна? Ялангуяа аа, залуустаа...?

-Бас нэг ийм зүйл байгаа. Залуучуудыг “Та нар сонгуульдаа оролцдоггүй, хохь чинь” гэсэн байдлаар ханддаг. Үгүй ээ, өнөөдөр харин эсрэгээрээ, 18, 19, 20-той залуус, гадаадад амьдарч, сурч байгаад ирсэн залуус дуу хоолойгоо хүргээд эхэлчихжээ. Зүгээр л гудамжинд явж байгаа хүүхдүүд ч ярьж байна.

Би одоо Хан-Уул дүүргийн бүсийн байранд ажиллаж байгаа. Бүсийн байранд хэний ч танихгүй, зүгээр л хүүхдүүд “Би энэ жил анх удаа саналаа өгөх гэж байна. Би энэ жил саналаа өгөх нь зөв үү? Саналаа өгөхөд яах вэ, би 18 нас хүрлээ.  Биднийг саналаа өгдөггүй гэдэг. Би саналаа өгмөөр байна” гээд орж ирдэг. Би хэдийгээр АН-ын бүсийн байранд ажиллаж байгаа ч гэсэн тэр залуу, хүүхдийн ямар нам, хэнд саналаа өгөх нь надад хамаагүй, өөрийнх нь эрх, сонгуулиар саналаа өгөх нь л чухал гэдгийг л ойлгуулдаг.   Энэ бол Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон эрх.

Тэгэхээр залуучууд маань  саналаа өгдөггүй гэж адлуулах биш, бүгдээрээ саналаа өгье гэж уриалмаар байна. Саналаа өгнө гэдэг бидний улс төрийн хамгийн том оролцоо. Залуучууд маань  илүү хүчтэй түрж,  орж ирцгээгээрэй, ялангуяа залуучууд маань, саналаа өгөөрэй,    сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж цаг, тутам өдөр болгон уриалж байгаа.

-Залуучууд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаа юм байна, тийм үү?  

-Биднийг улс төр мэддэггүй гэж ярьдаг. Биднийг нийгмийн хүүхэлдэй шиг хардаг. Авлига өгч чадах нь чадаад, чадахгүй бол Монгол ерөөсөө болохгүй байна гээд гадагшаа хар ажиллах хүчин болгоод явуулчихдаг. Харин залуус маань “Бид ямар цөллөгний мал юм уу? Бид сурч хөгжөөд эх орноо хөгжүүлэх бүрэн боломж байна. Бид чадна” гэсэн гоё, өөдрөг сэтгэхүйтэй болчихож.

Нэг гоё нь “Биднийг улс төр мэдэхгүй, тролл шиг үздэгт нь дургүй хүрдэг, бидний эрх ашиг хөндөгддөг. Бид улс төр мэднэ ээ. Бид зөндөө судалдаг. Энэ сонгуульд саналаа өгнө” гэсэн яриа, мессежүүд маш их ирж байна.

Би залуучуудын байгууллагад олон жил ажилласан.  Миний эргэн тойрны залуус, дүү нар сонгуульдаа идэвхтэй оролцоно гэсэн гоё хандлагатай байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцоорой л гэж уриалаад байгаа.

-Баярлалаа. Таны хэлсэнчлэн залуус маань сонгуульдаа идэвхтэй оролцох болтугай. Эцэст нь урьд шөнө буюу тавдугаар сарын 20-нд намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Намын анхан шатны нэгж байгууллагын хувьд нэр дэвшигчдээ бүх чадлаараа дэмжиж ажиллана. Манай Хан-Уул дүүргийнхэн ардчиллыг дэмжигчид олон. Тэр хэрээрээ энэ сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна. Бид нэгдмэл хүчээр тууштай ажиллана. 

-Та бүхэнд амжилт хүсье.