×
2023-07-18

Диет кола, амтат тараг, хатуу чихэр, бохинд агуулагддаг хиймэл чихэрний амт орлуулагч аспартам нь удаан хугацааны туршид аюулгүй гэж тооцогдож байсан. Гэвч өнөөдөр ДЭМБ бодлоо өөрчилж магадгүй байна. Тус байгууллагын хоёр хороо нэн даруй аспартамыг хорт хавдар үүсгэгч бодис, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэж байна. Энэ чихэрлэг бодис үнэхээр хортой юу. Хэрэглэгчид энэ мэдээг хэрхэн хүлээн авч байгаа тухай "Lenta.ru" мэргэжилтнүүдтэй ярилцжээ.

 

Аспартам гэж юу вэ

 

Аспартамыг 1965 онд Америкийн химич Жеймс Шлаттер санамсаргүйгээр нээжээ. Тэрбээр ходоодны шархыг эмчлэх эм бүтээхээр ажиллаж байсан бөгөөд синтезийн завсрын шатанд үл мэдэгдэх чихэрлэг бодис хүлээн авсанаа анзаарчээ. Нунтаг нь ердийн элсэн чихэртэй ижил калорийн агууламжтай ч 200 дахин чихэрлэг байв. Энэ нь хожим түүний алдар нэрийн түлхүүр болсон. Чихэрлэг амтыг олж авахын тулд та бараг илчлэггүй, багахан хэмжээний бодис нэмэхэд л хангалттай.

Үйлдвэрлэгчид аспартам нь хоолны дэглэмийн амттанд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн гэдгийг хурдан ойлгосон. 1983 он гэхэд АНУ-ын эрх баригчид амтат амтлагчийг хийжүүлсэн ундаа, дараа нь бусад ундаа, хоолонд нэмэхийг зөвшөөрч, удалгүй аспартам дэлхийг бүхэлд нь эзэмджээ.

Өнөөдөр савлагаан дээрх аспартамыг илэрхийлдэг E951 тэмдэглэгээг ямар ч дэлгүүрээс олж болно. Уг бодис нь дэлхийн хамгийн алдартай хиймэл чихэр орлуулагчийн нэг юм. Энэ нь ундаа, чихэрлэг хоол, ханиалганы хүлхмэл, гурилан бүтээгдэхүүнд нэмдэг бөгөөд шахмал хэлбэрээр ч байдаг.

Үүний зэрэгцээ аспартамыг 1981 оноос хойш 40 гаруй жилийн турш биед бараг хор хөнөөлгүй гэж үздэг билээ. ДЭМБ, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний нэмэлтүүдийн шинжээчдийн хамтарсан хорооноос 60 кг жинтэй насанд хүрсэн хүн эрсдэлд орохын тулд 12-оос дээш лааз аспартамтай ундаа уух шаардлагатай гэж үзэж байсан.

 

ДЭМБ яагаад бодлоо өөрчлөв

 

Мэргэжилтнүүдийн хувьд Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг аспартамыг хорт хавдар үүсгэгч бодисын жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаа нь гэнэтийн зүйл биш байв. Метанол, формальдегид гэсэн хиймэл чихэрлэг бодисыг хэрэглэсний дараа биед хортой бодисууд  үлддэг гэж анагаахын нийгэмлэг удаан хугацааны турш санаа зовсоор ирсэн гэж "Медскан" эрүүл мэндийн төвийн хоолзүйч, хоол тэжээлийн мэргэжилтэн, физик эмчилгээний эмч Антонина Леонтьева тайлбарлав.

Аспартам нь пептид учраас бидний биед орж нарийн гэдэсний түвшинд хүрч, түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд задардаг. Энэ үйл явцыг гидролиз гэж нэрлэдэг. Үндсэн метаболитууд нь аспарагины хүчил, фенилаланин, метанол, формальдегид, шоргоолжны хүчил юм. Хиймэл чихэрлэг бодис нь хорт хавдар үүсгэдэг гэсэн хардлагыг 2019 онд Английн Сассексийн их сургуулийн эрдэмтэд баталжээ. Хиймэл чихрийн аюулгүй байдлыг тунхагласан Европын Хүнсний аюулгүй байдлын газраас үүнийг хэрэглэх нь сөрөг үр дагаврыг харуулсан 73 судалгааг үл тоомсорлосныг шинжээчид харуулжээ.

Хожим нь чихэрлэг амтлагчийн болзошгүй аюулыг тодорхойлсон хоёр том судалгаа гарч ирэв. Эхнийх нь 2020 онд хэвлэгдсэн бөгөөд аспартам өгсөн хулганыг 15 жилийн турш ажигласны үр дүн юм. Италийн Рамаззини хүрээлэнгийн эрдэмтэд хиймэл чихэрлэг бодис нь мэрэгч амьтдын лейкеми, лимфома зэрэг цустай холбоотой хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоожээ.

Хоёр дахь судалгаа 2022 онд гарсан. Үүнд Францаас 100 мянган хүн оролцсон байна. Аспартамыг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийг аспартам хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад хөхний хорт хавдар болон таргалалттай холбоотой хорт хавдар тусах эрсдэл өндөр байгааг тогтоогджээ. Эдгээр дүгнэлтийг маргаангүй баримт гэж үзэж болохгүй. Тухайлбал, Францын эрдэмтэд аспартамын хэрэглээ болон хорт хавдрын хооронд учир шалтгааны хамаарлыг нотлоогүй аж. Харин зөвхөн харилцан хамаарлыг л тэмдэглэж байна гэж Францын эрдэмтэд тодруулжээ. Мэрэгч амьтад болон хүмүүс өөр өөр бодисын солилцоотой тул заримд нь тохирсон зүйл нь бусад хүнд тохирохгүй байж болох тул хулгана дээр хийсэн судалгаа бүр ч эргэлзээтэй.

Хавдар, хими эмчилгээний эмч, Израилийн "Хадасса" клиникийн эмнэл зүйн онкологи, хавдрын эсрэг эмийн эмчилгээний тасгийн эрхлэгч Евгений Чичиков аспартамын аюулгүй байдлын талаарх мэдээллийг өнөөг хүртэл болгоомжтой хандах хэрэгтэй гэж үзэж байна. Түүний хэлснээр уг бодисын аюулгүй байдлын судалгаа хэдэн арван жил үргэлжилж байна. "Шинжлэх ухааны бие даасан өгөгдөл нь томоохон үйлдвэрлэгчдийн олон тооны бүтээгдэхүүний найрлагад хүнсний нэмэлтийг оруулахгүй байх шалтгаан болж байсан. Гэсэн хэдий ч энэ нь бодисыг бүтээгдэхүүний найрлагад эргэн оруулахад огт саад болоогүй" гэж мэргэжилтнүүд тэмдэглэв.

 

Аспартам, даршилсан өргөст хэмх, хар тугалга юугаараа ижил вэ?

 

Аспартамыг хорт хавдар үүсгэгч бодисын жагсаалтад оруулсан нь чихэрлэг амтлагч тэр даруй тавиур дээрээс алга болно гэсэн үг биш юм. Олон улсын хорт хавдар судлалын агентлагийн жагсаалтад хүмүүсийн өдөр тутам тааралддаг олон бүтээгдэхүүн аль хэдийнэ орсон бөгөөд заримыг нь бүр хэрэгцээтэй гэж үздэг. Тухайлбал, хорт хавдар үүсгэгч 2В бүлэгт багтдаг аспартам нь улаан мах, зуун настын ханд, даршилсан ногоо, түүнчлэн хар тугалга, бензин, хөдөлгүүрийн утаатай зэрэгцэн нэг жагсаалтад багтдаг. Хэдийгээр даршилсан өргөст хэмх, хар тугалганы хор хөнөөл нь өөр бөгөөд харьцуулахын аргагүй нь ойлгомжтой ч ДЭМБ-ын жагсаалтад зэрэгцэн оршдог. Евгений Чичиковын хэлснээр энэ нь жагсаалтад тухайн бодисын хорт хавдар үүсгэгч нөлөөг харуулсан баримтыг тусгасан боловч хэрэглээний тодорхой түвшин ямар аюултай болох талаар мэдээлэл өгөөгүйтэй холбоотой юм.

Хорт хавдар үүсгэгчийн ангилал нэгдүгээр бүлэг хүний биед хорт хавдар үүсгэдэг. 2А бүлэг хүний биед хорт хавдар үүсгэх боломжит бодисууд. 2В бүлэг хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай бодисууд. Гуравдугаар бүлэг хорт хавдар үүсгэгчийг ангилах боломжгүй

 

Аспартамыг хэрэглэх нь зөв үү, буруу юу?

 

Хоол тэжээлийн эмч Антонина Леонтьева аспартам агуулсан ундаа давуу талтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нэгдүгээрт, энэ нь бараг илчлэггүй тул жингээ хасах хүсэлтэй хүмүүсийн анхаарлыг татдаг. Хоёрдугаарт, цусан дахь глюкозын хэмжээг нэмэгдүүлдэггүй. Гэсэн хэдий ч шинжээчийн үзэж байгаагаар синтетик чихэрлэг бодисын сөрөг нөлөө нь аливаа ашиг тусыг үгүйсгэдэг. Тиймээс эдгээрийг тогтмол хэрэглэх нь гэдэсний дисбактериоз, түүний ажлыг зөрчихөд хүргэдэг.

Сөрөг тал нь мэдрэлийн системтэй холбоотой байдаг. Үнэн хэрэгтээ бид аспартам эсвэл бусад чихэрлэг бодисыг амандаа хийх үед энэ тухай дохио тархинд очдог. Дараа нь урвалын цуваа эхэлдэг. А.Леонтьевагийн хэлснээр бие махбодод нүүрстөрөгчийн солилцоо явагддаг ч глюкоз нь ходоодонд ордоггүй. Харин ходоодонд нэгддэггүй бодис ордог. Урт хугацаанд энэ нь зөрчилд хүргэж болзошгүй гэж А.Леонтьева анхааруулав

 Мөн ДЭМБ-аас хиймэл чихэрлэг бодис агуулсан ундаанаас татгалзахыг зөвлөж байна. Тавдугаар сард гаргасан зөвлөмжийн дагуу чихэрлэг зүйл нь насанд хүрэгчид болон хүүхдүүдэд жингээ хасахад тусалдаггүй. Түүнчлэн аспартам болон бусад чихэрлэг бодисыг хэрэглэх нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, ерөнхийдөө нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ.

 

Аспартамыг юугаар орлуулж болох вэ?

 

Антонина Леонтьева болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд аспартамыг ямар нэгэн зүйлээр солих шаардлагагүй гэдэгтэй санал нэг байна. Хоол тэжээлийн мэргэжилтэн элсэн чихрээс өөр хувилбар хайх хэрэггүй. Харин энэ зуршлаасаа бүрмөсөн ангижрахыг хичээ эсвэл чихэрлэг хэрэглээг боломжийн хэмжээнд хязгаарлахыг зөвлөж байна. Тэрбээр ихэвчлэн амттан идэх хүсэл нь бие махбодын инсулины хэрэгцээтэй холбоотой биш. Харин сэтгэл зүйн хүчин зүйл, дааврын эмгэг, төмөр зэрэг чухал бодисын дутагдалтай холбоотойг онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин З.БАТЦЭЦЭГ