×
2023-07-18

Нийслэлд гурав хоног үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд гол эргээсээ халин үерлэж  голын дагуух айл өрх усанд автан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Хохирлын хэмжээ одоо ч тодорхой болоогүй. Хэд хэдэн автомашин, иргэдийн эд хөрөнгө, бизнес эхлүүлэхээр зээлээр авсан тоног, төхөөрөмжүүд үерийн усанд автаж дахин ашиглах боломжгүй болсон талаарх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор тасралтгүй цуварч байна. Гэтэл үерийн мэдээлэл, үерийн дараах арга хэмжээнүүд баяр наадмын мэдээнд дарагдаж нийслэлчүүд орон нутгийг зорьсноор сураг алсрав. Тиймээс үерийн талаарх мэдээллийг эргэн сануулж тоймлон хүргэе.

 

1966 онд тав хоног үргэлжилсэн борооны улмаас  үерт автаж байжээ

Улаанбаатар хот нь Хан Хэнтийн нурууны салбар уулсын дундах “Хүн чулууны хотгор”, Туул голын өргөн уудам хөндий түүний цутгал цөөнгүй голын хөндийд оршдог. Тиймээс үер усны аюулд өртөх өндөр эрсдэлтэй талаар мэргэжилтнүүд үргэлж сануулдаг. Энэ удаагийн үер Нийслэлд тохиолдсон анхны үер биш. Цаг уур, усны горим, нөөцийг тогтмол хэмжиж судалдаг болсноос 1915-2020 оны хооронд 40 гаруй удаа томоохон үерийн аюул нийслэлд тохиолдож байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1966, 1967, 1982, 1992, 1994, 1996, 1998, 2003, 2005, 2006, 2008, 2009, 2012, 2016, 2018, 2021 онд их бага хэмжээгээр  үер болж байсан гэх мэдээлэл байна. Эдгээрээс Улаанбаатар хотод хамгийн их хохирол учруулж байсан нь 1966 оны үер юм. Тухайн үед долдугаар сарын 7-11 өдрүүдэд Туул голын эх болон түүний цутгал гол болох Сэлбэ, Улиастай голын сав газраар тав хоног үргэлжилсэн бороо орж нийслэл бүхэлдээ усанд автаж байв. Туул, Сэлбэ, Улиастайн голууд үерлэж эргээ хальж, голын усны түвшин ердийн үеийнхээс 1.5 м-ээр нэмэгдсэн байна. Үерийн улмаас Үйлдвэр комбинат усанд автаж, цахилгаан станцууд зогсоход хүрч байжээ. Тухайн үед Туул голын усны хэмжээ ердийн үеийнхээс 100 дахин нэмэгдэж, 100 гаруй хүний амь эрсдэж, тухайн үеийн ханшаар 300 сая төгрөгийн хохирол амсаж байв. Тэрхүү үерээс болж Улаанбаатар хотын амьдрал 20 хоног зогсож, Туул голын голдирол өөрчлөгдөж, сал урсгах боломжгүй болж байжээ. Тухайн үед үерийн уснаас хамгаалах далан байгаагүйн улмаас үерийн ус орж ирснээс хойш хамгаалалтын даланг Оросуудын тусламжтайгаар барьсан байна. Мөн 1982 онд цагт 45.5 мм хурдтай хүчтэй бороо 29 минут орж үер буусан. Хотын баруун хойд зүгийн уулархаг хэсгээс ус бууж 87 хүн нас барж, 211 айл өрх болон үйлдвэр аж ахуйн газар, орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж үерт автаж байсан мэдээлэл бий. Нийт 14 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэтэл Улаанбаатар хот хөгжин дэвшсэн гэх ч цементэн ширэнгээ босгож үерийн аюулыг мартаад далангаа хааж голоо нарийсган барилга барьсаар өнөөдөр ийм дүр зурагтай хэвээр байна.

 

Нийслэлийн хаана, ямар байршил усанд автсан бэ?

Усан сан бүхий талбай, голын эрэг, даланд тулган газар олгосноос иргэд, ААН-үүд эд хөрөнгөөрөө хохирлоо. НБОГ-аас тухайн үед өгсөн мэдээллээр СБД-ийн 1,7,8,11,15-р хороо, БЗД-ийн 1,6,15,25-р хороо, ХУД-ийн 1,2-р хороо, БГД-ийн 3,24,25-р хорооны орон сууцны барилга, зам, талбай усанд автсан байна. Тодруулбал, Сэлбэ гол эргээ халин үерлэсэн тул хамгаалалтын далан барьсан ч сэтэрч Дамбадаржаа, зургаан буудал орчим, Натур, “S outlets”, Сэлбэ хотхон,Буянгийн зам усанд автсан. Мөн Дунд гол эргээсээ хальж Төв цэнгэлдэхийн арын зам, Замын цагдаагийн орчим, Алтай хотхон, 19-р хороолол орчим, Таван богд группын барилга усанд автав. Барилгуудын В1 давхар, зам, талбай усанд автсанаар барилгын насжилт богиносож чанар хэврэгшдэг сөрөг дагавартайг энэ талаар мэдэх хүмүүс хэлж сануулсаар байна. Тиймээс Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үерт автсан барилга, байгууламж дээр барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээг хийхээр болжээ.

“River Garden”, “Khan Hills”, “Hunnu 2022”, “King Tower”, “Marshal Town”, “Bella vista” зэрэг нийслэлийн үнэтэй, тансаг хотхонууд усан сан бүхий талбайтай зэрэгцэн эрэг дээр нь шахуу байрладаг. Туул гол үерлэхэд эдгээр хотхонууд ч усанд автахгүй гэх баталгаагүй. ОБЕГ-аас Туул голын усны түвшинд 270см хүрэх эрсдэлтэй тул эдгээр хотхонуудыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулсан. Ер нь эдгээрээс гадна Туул гол үерлэхэд усанд автах эрсдэлтэй зургаан байршлыг ОБЕГ танилцуулсан. Тэдгээрийг дурдвал, Туул голын хойд эрэг, ХУД-ийн 8-р хорооны Сонсголонгийн гүүрний зүүн хойд тал, ХУД-ийн 11-р хороо, Хан-Хиллс хотхоны баруун талд Сэргээн засах клиник орчим, Маршалын гүүрний баруун талд Тэнгэр Вилла хотхоны урд хэсэг, БЗД-ийн 11-р хорооны Зайсан дэд станцын зүүн хэсэг орчим, БЗД-ийн 26-р хорооны Зүүн уулын суваг, Туул голтой нийлэх хэсэг, БЗД-ийн 10-р хороо Улиастайн гол Туул голтой нийлэх хэсэгт үерийн ус хальж усанд автах эрсдэлтэй гэжээ.

 

Авилгаар баригдсан хорооллуудыг шалгах даалгаврыг өгөв

Нөхцөл байдал хүндэрч ‘S outlet’ дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрч холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцав. Ерөнхий сайдаас эхлээд Нийслэл хотын дарга, дүүргийн дарга нар ч үерт автсан бүсүүдэд ажилласан юм. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж үерийн далан, суваг шуудуу хааж барилга барьсан компани, зөвшөөрөл олгосон, хяналт тавиагүй холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т өгч шалгуулах, голын ай сав, үерийн далан, суваг шуудууны ойролцоо баригдсан объектуудыг шалгаж, шаардлагатай гэж үзвэл нураах, үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгө зардлыг гаргах зэрэг хэд хэдэн үүргийг өгсөн. Үүнээс үерийн даланг хааж усан сан бүхий талбайд цементээ овоолсон барилгуудыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг анхааруулсан.

Түүнчлэн хотын дарга Д.Сумьяабазар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан алдаа, дутагдлыг эхнэээсээ засаж, янзлаад явж байгаа. Хот төлөвлөлтийн алдаатай олон зүйл бий. Явган замын стандарт, ногоон байгууламж, замын стандарт зэрэг хот төлөвлөлттэй холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанаас Улаанбаатар хотыг 2020-2030 он, 2030-2040 он хүртэл хөгжүүлэх гурван үе шаттай төлөвлөлтийг үндсэн чиглэл болгож ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. 2020-2030 онд гаргасан алдаагаа засах, 2030-2040 онд олон тулгуурт хөгжлийн бодлогыг хөгжүүлэх шийдэл дээр нийслэлийн удирдлагууд ерөнхий төлөвлөгөөндөө тусгаж яаралтай батлуулахаар бэлдэж байна. Үерийн асуудал газар олголт, хотын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой. Үүн дээр нүүр улалзах зүйлгүй. Үүнтэй тэмцэнэ” гэв.

 

Үерийн дараах арга хэмжээ ба ариутгал, халдваргүйжүүлэлт

Нийслэлийн хойморт гэр хорооллын нүхэн жорлон мянга мянгаараа бий. Үер буухад хотын төв рүү нүхэн жорлон урсаад ирдэгийг хэн хүнгүй мэднэ. Эрүүл мэндийн байгууллагуудаас ч үүнийг анхааруулж иргэдэд ариун цэврээ хангах зөвлөмжүүдийг хүргэсээр байгаа. Үерийн гамшгийн дараа цусан суулга, балнад, халдварт шар өвчний тархалт дэгдэх эрсдэлтэй байдаг. Тэгвэл нийслэлийн хэмжээнд долоон компанийн 50 гаруй ажилчид үерийн дараах халдваргүйжүүлэлтийг хийж ажлын гүйцэтгэлд эрүүл ахуйн улсын байцаагч нар хяналт тавьж байна. Тодруулбал, “Улаанбаатар ариутгал”, “Баяр дэвшил”, “Түвшинбилэг төгөлдөр”, “Орхон овоот” зэрэг ариутгалын компаниуд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Одоогийн байдлаар буюу долдугаар сарын 7-16-ны хооронд мананцар үүсгэгч автомашинаар нийтийн эзэмшлийн гудамж талбайн 2.5 сая ам.метр, орон сууцны халдваргүйтгэлийн 959 мянган ам.метр, Сэлбэ, Дунд голын ай сав газрын 714 мянган ам.метр талбайд  халдваргүйжүүлэлт хийгээд байгааг Нийслэлээс мэдээллэв. Түүнчлэн үерийн усанд автаж бохирдсон талбайг цэвэрлэх лаг шаврыг арилгах ажлууд одоо ч өрнөж байна. Сэлбэ голын үерийн дараах цэвэрлэгээ бүрэн дуусаж хотын хэмжээнд 1100 гаруй тонн лаг шаврыг цэвэрлэжээ.

 

Нийслэлд дахин үер буувал даван туулахад бэлэн үү?

Хашаад боочихсон голууд усархаг бороо зуурхан орох төдийд далангаа халин задарч нийслэл усанд автдаг. Ер нь жил бүр зам, талбай борооны усаар дүүрч нийслэлчүүд уртын харайлтаар зуны гурван сар хичээллэдэг. Энэ янзаараа байвал их хэмжээний ус буухад нийслэл дахиад л үерт автана. Учир нь Улаанбаатар хот болон дагуул хотуудын хэмжээнд гол, голын хуурай сайр зэрэг үерийн аюул, эрсдэл учирч болзошгүй 314 км газар байдаг. Үүний 169 км нь үерийн далантай аж. Сэлбэ голын хувьд 35 км-ийн 10.3 км-т буюу 30 хувьд нь л бетон болон шороон далантай. Тэгвэл шороон далантай хэсгийг хүчитгэж төмөр бетон далан барих, далан хааж, голын гольдрол нарийсгаж барьсан барилгуудыг цэгцлэх шаардлагатай байгаа. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах нь чухал. Далангийн хувьд эвдэрсэн, сэтэрсэн хэсгүүдэд бэхэлгээ хийж, хүчитгэлээ сайжруулна. Цаашлаад, төмөр бетон далан босгох ажлыг яаравчлуулах шаардлагатай. Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг зургаадугаар сард НИТХ-аар батлуулсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд 2040 он хүртэл дөрвөн үе шаттайгаар үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авахаар тусгасан. Үүнд далангийн барилга, байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна усны тохируулгын ажлууд багтаж байгаа. Тухайлбал, Туулын усан цогцолбор, Сэлбийн хоёр байршилд ус тунгаагуур, усны түвшин тогтоох байгууламжийн ажлууд байна. Түүнчлэн хөрсний усны түвшинг бууруулах байгууламжийг хийх шаардлагатай” гэсэн юм.

Түүнчлэн олон нийтийн зүгээс ч энэ удаагийн үерийг үргэлжлэн орсон хур борооны улмаас үүссэн гэхээс илүү гольдролоороо урсах Сэлбийн орчинг сүйтгэн шидмэс шиг болтол хашаалж барьсан барилга байгууламж, зөвшөөрөл олгосон дарга нарын буруу гэж харж байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр байна. Сэлбэ, Дунд Гол, Туул хур бороогоор тэтгэгдэж жамаараа урсахад тэнд зөвшөөрөл өгсөн дарга нар бус энгийн иргэд эд хөрөнгөөрөө хохироод үлдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.БЯМБАЖАРГАЛ