×
2023-07-17

Эвэр нумаа эвшээлгэн татах

Эрэлхэг Хүннү удамт баатрууд

Зэлмэ, Сүбэдэйн цэцэн ухаанаар

Зэллэн өрсөн чөдөр цулбуур

Эзэн Чингисийн чулуунд сийлсэн

Эртний түүхтэй сур харваа....гэсэн  “Хамаг Монголын харваа” дуу цэнгэлдэх эгшиглэхэд харваачид уухайн түрлэгээр хөг нэмж, наадамчин олноо баясгах  нь юутай сайхан. Энэ л цаг дор хөх толбот монгол хүн болж төрснөөрөө,  бидний ондоошлыг харуулах дахин давтагдашгүй түүх, зан заншлаараа омогших, бахархах сэтгэл төрсөн юм. Үндэснийхээ хувцсыг өв тэгш  өмсөж,  алтан зурхайд цэц мэргэнээ сорих харваачид олон жилийн хичээл зүтгэлээр энэхүү эрдмийг  өвлөн ийнхүү зогсож буйгаар нь бахархмаар. Тэд үндэсний өв соёлыг тээн уламжлаад зогсохгүй эмч, багш, инженер гээд салбар салбарт гялалзаж яваа  баатрууд билээ.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа эрхэм зочныг сурын алтан зурхайгаас уншигчидтай уулзуулж буй. Манай нийтлэлийн баатар бол Буриад улсын биеийн тамир соёлын  гавьяат, хүндэт мэргэн, спортын мастер, нум сум урлаач, судлаач Т.Батмөнх юм.

Тэрбээр сурын талбайд ч, амьдрал дээр ч олон шавьтай багш хүн. Учир нь олон хүүхдэд эрдэм мэдлэгээ хуваалцаж, амьдралд хөтөлсөн, боловсролын салбарт тод гялалзаж явсан  гавьяатай нэгэн. Ийнхүү түүний амьдралын түүхэн цаг хугацаагаар уншигч таныг хөтөлье.

 

Улсын олимпиадын хоёрдугаар байрын эзэн

Шавь нарынхаа хамт.

Т.Батмөнхийн  амьдралын түүхэн замнал, хүүхэд насны дурсамж Говь-Алтай аймгийн Шарга сумаас эхлэлтэй. Тэрбээр энэ л газар төрж, амьдралд хөл тавьсан нэгэн. Тэрбээр айлын ганц хүү бөгөөд  хөгшин ээж дээрээ өссөн байна. 10 настайдаа сургуульд орсноор түүний амьдралын нэгэн хуудас бичигдэж эхэлжээ. Тухайн цаг үед  юм ховор байсан учраас нэгэн судрын баринтгаар сурагчийн цүнх хийж үүрээд  сургуулийн босгыг алхаж байсан гэнэ. Ийнхүү дунд сургуулиа амжилттай дүүргэж, хоёр жилийн дараа аймгийнхаа нэгдүгээр арван жилд долдугаар ангиа төгсжээ. Дараа нь Архангай аймгийн  Багшийн сургуульд элссэнээр оюутан ахуйн дурсамж дүүрэн цаг хугацаа  бичигдэж эхэлсэн түүхтэй. Ингээд 1966 онд бага ангийн багш мэргэжлийг эзэмшиж, сургуулиа амжилттай төгсөн, амьдралд  хөл тавьсан байна. Ажлынхаа анхны гарааг  Говь-Алтай аймгийн  төвийн арван жилийн сургуулиас эхлүүлжээ. Ийнхүү алдрай бяцхан хүүхдүүдэд эрдэм мэдлэгийн "А" үсгийг анхлан зааж, ирээдүйн суурийг тавих  хариуцлагатай ажлыг тэрбээр таван жил хашжээ. Энэ хугацаанд хоёр ч дөрөвдүгээр ангийг  амжилттай төгсгөсөн байна. Мөн чамгүй хөдөлмөрч, сайн багш гэдгээ ч харуулжээ. Нэгэн дурсамжийг сөхвөл, Т.Батмөнхийн дааж авсан анги нь 1970 онд улсын хэмжээнд бага сургуулиудын дунд зохион байгууллагддаг монгол хэлний олимпиадад хоёр дугаар байрт орж байсан удаатай. Түүний энэхүү амжилтыг үнэлж УБДС-д суралцах урилга өгсөн байна. Ийнхүү тэрбээр УБДС-ийг газарзүйн багшаар төгсөж түүний амьдралын шинэ хуудас эхэлжээ. Энэ тухайгаа тэрбээр “1975 онд Багшийн дээд сургуулийн Газарзүйн тэнхимдээ багшаар ажиллаж эхэлсэн. Ардын багш Батсүх багшийнхаа зааж байсан  физик, газар зүй хичээлийг  заах боломж олдсон. Ур ухаан, эрдэм мэдлэгийг нь хуваалцсан чадварлаг эрхэм багш нартайгаа цуг ажиллах болсондоо их баярласан даа” хэмээн дурсамж дэлгэсэн юм. Ингээд УБДС-д 20 гаруй жил багшаар ажиллаж,  олон багш нарыг бэлтгэн, эрдэм мэдлэгээ хуваалцсан боловсролын салбарын нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж яваа гавьятай нэгэн. Тэрбээр багшаар ажиллах хугацаандаа “Ус чандмань эрдэнэ” гэсэн хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, Туулын сав дагуу их судалгаа хийж байжээ.

 

“Сур харваа бүх аймагт жигд хөгжиж байна”

 

Нийтлэлийнхээ энэ үед Т.Батмөнх гуайн амьдралаас салгаж ойлгох аргагүй үнэт зүйл болсон сур харваа, нум сум урлах ухаантай хэрхэн холбогдсон талаар өгүүлье. Тэрбээр 1965 оноос сур харваж, нум эвшээлгэж эхэлсэн гэдэг. "19 настайгаасаа нум, сумтай нөхөрлөжээ" хэмээснээр бидний яриа үргэлжилсэн юм. Т.Батмөнх гуай “Намайг сурын алтан зурхайд хөтөлж "А" үсэг заасан эрхэм багш нар бол улсад дөрвөн удаа түрүүлсэн, дархан мэргэн  Төв аймгийн Заамар сумын уугуул М.Дашцэрэн,  Баянхонгор аймгийн уугуул Улсын мэргэн н.Ядамсүрэн нар юм. н.Ядамсүрэн  багшийн маань хувьд сур харвахаас гадна нум сум сайхан  урладаг, засдаг гарын дүйтэй хүн байсан. Мөн сурын алтан зурхайд нарийн бичгийн даргыг олон жил хийсэн нэр хүндтэй, үлгэр жишээ хүн байсан даа. Тиймээс багшийгаа дурсан хоёр жилийн өмнө Баянхонгор аймгийн удирдлагууд болон үр хүүхдүүдтэй нь нийлж анх удаа хүний нэртэй хүрэл хөшөө босгосон” хэмээн эрхэм  багш нарынхаа тухай дурсамж ярилаа.

 Т.Батмөнх гуай гурван үеийн уран дархан хүмүүсийн үр хойч аж. Тэрбээр “Манай нутагт Чингис хааны баруун замын их зэвсгийн том хот байсан гэдэг. Нум сум урлах эрдэм маань өвөг дээдсээс улбаатай юм болов уу гэж бэлэгшээдэг. Би гэртээ нум сумын багахан хэмжээний музейтэй хүн шүү дээ”  хэмээсэн юм. Үнэхээр нум сумын  төрөлжсөн  худалдааг  хүргэж буй анхдагч гэдгээрээ онцлог билээ. Т.Батмөнх гуайн гэрт анх багштайгаа хийж байсан  хүүхдийн нум, өвөг дээдсийнх нь  харваж байсан нум сум хадгалаастай байдаг аж.

Өвөг дээдсээс уламжилж ирсэн эвэр элэгтэй, шөрмөсөн аралтай нум сумыг олон жил урлан цэц мэргэн харваачдыг алтан зурхайд хөтөлж яваа түүний гавьяаг үнэлж барамгүй. Т.Батмөнх гуай нум сум урлах эрдмийг суралцсан үеийнхээ тухай ийн ярилаа. Тэрбээр “1971-1973 он хүртэл мэргэчүүдийг дагаж,  тусалж,  нум сум хийх ухааныг анх сурсан. 1976 оноос өнөөг хүртэл эрхэм хүмүүсийнхээ буянаар нум сумтай нөхөрлөж, нум урлаж явна даа. Нум сум хийхэд чимхлүүр ажил ихтэй.  Уйгагүй, нягт нямбай  байхыг шаарддаг ажил. Зөвхөн мод, шөрмөс, эвэр хооронд наагаад нум болгочихдог юм биш. Цаг агаарын ямар үед наах уу, хэдэн сар хатаах вэ гээд асар нарийн тооцоо хэрэгтэй” хэмээн нум сум хийх ур ухаанаасаа хуваалцсан юм.  Тэрбээр 1985-1995 оны хооронд нь нум сумын 70-80 хувийг урладаг байжээ. Одоо түүний нум сум урлах ухааныг өвлөн яваа 30 гаруй залуус байна.

Т.Батмөнх гуай олон аймагт сур харвааг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон  сургалт явуулан, нум сумыг нь урлаж өгчээ. Мөн төрөлх нутаг Говь-Алтай аймагтаа сур харвааг хөгжүүлж, багтай болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Өнгөрсөн жил төрөлх нутагт нь Т.Батмөнх гуайн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн болж олон харваач оролцсон нь тус аймагт сур харваа  идэвхтэй хөгжиж буйн жишээ билээ. Энэ жил улсын наадмын  сур харваанд Говь-Алтай аймгийн мэргэн, спортын мастер С.Сүрэнжав түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангалаа. Мөн аймгийн гарамгай харваач,  спортын мастер Д.Гэрэлмаа “Улсын тод харваач” цол хүртэж сайхан наадлаа гэдгийг нийтлэлийн баатар маань онцолж байв. Н.Батмөнх гуай сур харвааны хөгжлийн талаар “Би Өвөрхангай аймгийн уугуул олон улсын хэмжээний мастер, Багшийн дээд сургуулийн н.Бямбаа гэж хүний шавь. Багш маань Өвөрхангай аймгийг багтай, мэргэнтэй болгоорой гэж надад хэлж байсан юм. Өнөөдөр Өвөрхангай аймаг сайн багтай болсон. Сүүлийн  үед Дорнод,  Өмнөговь, Дорноговь,  Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймагт сур харваа сайн хөгжиж байна. Сүүлийн үед Дундговийн харваачид гарч ирж байна. Ер нь энэ спорт жигд сайхан хөгжиж  байна.”  гэлээ. 

 

“Сураар нэг харвасан хүн энэ спортын сайханд дурладаг”

Буриад улсын Биеийн тамир соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж буй нь. 2006 он.

Нум сум харвах, урлах их үйлсэд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулж яваа  түүнийг сурын алтан зурхайд ихэнх нь “багш аа” хэмээн дууддаг юм билээ. Сур харваа өргөөшөө бяр, уртаашаа ухаан шаарддаг спорт хэмээн Т.Батмөнх онцолсон юм. Энэ тухай “Нэгдүгээрт нумтайгаа зөв харьцаж татах. Хоёрдугаарт байгаа онохын тулд ухаанаа ажиллуулах  хэрэгтэй. Хүүхдийг нум сум харвуулахдаа хэдэн кг-ийн нум татуулвал чадаж байна, хэдэн граммтай сум  барихаар байна гэдгийг зөв сонгож өгөх хэрэгтэй. Сургалтын нумаар нэг жил хичээллүүлбэл нумтайгаа харьцаж сурна. Харваач хүнд хөдөлмөрч байдал чухал. Мөн даруу, тайван байх ёстой. Сэтгэхүйн асар тэвчээр, тооцоотой байж амжилт гаргана. Бөх бяр суудаг шиг харваачид бүрэн бэлтгэл хангагдсан, салхитай,  бороотой гээд ямар ч үед тухайн нөхцөл байдлыг тооцоолж сурах л оргил үе нь байдаг. Сураар нэг харвасан хүн энэ спортын сайханд дурладаг. Сурын алтан зурхай дээр  нумаа эвшээлгээд зогсоход хүний оюун ухаан, бодол санаа бүрэн төвлөрч, тайвширлыг олж чаддаг. Үүнд л сурын спортын мөн чанар оршдог. Мөн найман наснаас 80 нас хүртэл нас харгалзахгүй  хичээллэх боломжтой спортын төрөл” хэмээсэн юм. Тиймээс ч  Т.Батмөнх  гуай өдгөө 80 нас  дөхөж байгаа ч  сурын алтан зурхайдаа нум сумаа эвшээлгэж,  нум сумаа урлан залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал болсоор явна.

 

Үндэснийхээ нум сумыг дэлхийд түгээгч 

Японы харваачидтай уулзалт хийж байгаа нь.

Т.Батмөнх гуайн  үндэсний сурын харваанд үнэтэй  хувь нэмэр оруулсан, тод жим татсан нэгэн гавьяа нь тив дэлхийд нум сумаа сурталчилан таниулсан  явдал юм. Үүний нэгэн жишээ бол 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Буриадад “Алтаргана” наадам болж зохион байгуулагчид Т.Батмөнхөд хүсэлт гарган нум сум захиалан хийлгэжээ. Тэрбээр 7-8 жилийн дотор  400 гаруй нум нийлүүлсэн байна. Ийнхүү үндэснийхээ өвийг сэргээснийг нь үнэлж 2006 онд Буриад улсын биеийн тамир соёлын  гавьяат зүтгэлтэн цолыг хүртээжээ. Мөн  2013 оноос Өвөрмонголд очиж нум сум хийхийг зааж зөвлөснөөр  олон харваачтай болсон байна. Харин манай улсад 1990 оны үед жилд 10 нум хийхэд 5-6 зарагддаг байсан бол 2004 оноос эрчимтэй хөгжиж байна гэдгийг Т.Батмөнх гуай хэлж байлаа. Мөн тэрбээр монгол түмний үзэх дуртай  дэлгэцийн уран бүтээл болох  “Мандухай сэцэн” хатан кинонд нум урлахад гар бие оролцсон юм.Түүнээс гадна  үзэгч олны  сэтгэлд тод буудаг “Цэц магнай” киноны олны хэсэгт оролцон тоглосон байдаг.

 

Хань Ч.Батням нь боловсролын байгууллагад 40 гаруй жил ажиллажээ

Хань Ч.Батням Гавьяат  багш цол хүртэх үеэр гэр бүл хүүхдүүдийн хамт.

Нийтлэлийн баатар Т.Батмөнх гуайн гэр бүл боловсролын байгууллагад үнэтэй хувь нэмэр оруулж, олон  ч багш нарыг амьдралд хөтөлсөн гавьяатай хүмүүс.  Түүний хань Гавьяат багш Ч.Батням Говь-Алтайн Шарга сумын уугуул бөгөөд  40 гаруй жил боловсролын байгууллагад ажиллажээ. Тэд гал голомтоо бадрааж дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болсон байна. Хүүхдүүд нь салбар салбарт гялалзаж явна. Мөн ихэнх сонирхлоороо нум эвшээлгэдэг аж. Өдгөө 10 гаруй ач зээтэй болж Т.Батмөнх хэмээх айлын ургийн мод  өнөр өтгөн болж буй.

Хань Ч.Батнямын хамт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин