×
2023-07-17

Манай улс ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын 40 зөвлөмжийг бүрэн хангасан таван орны нэгд багтсан сайн мэдээтэй баяр наадмаа угтсан бол эдийн засгийн өсөлтөөр бүс нутгаа тэргүүлж буй гэсэн өөр нэгэн эерэг мэдээтэй энэ долоо хоногийг эхлүүлж байна.

Ази Номхон далайн улс орнуудаас эдийн засгийн хөгжлийн хурдаар тэргүүлж буй улс орнуудыг эрэмбэлсэн жагсаалтыг өчигдөр зарлажээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэмжиж, дүн шинжилгээ хийн бодит мэдээлэл гаргадаг www.worldeconomics.com-д байршиж буй энэхүү жагсаалтаас харахад Монгол Улс бүс нутгийн улс орнуудыг тэргүүлсэн байна. Улс орнуудын 2012-2022 оны мэдээлэлд суурилан гаргасан энэхүү жагсаалтад манай улс 4.1 хувьтай нэгдүгээрт бичигдсэн бол Шинэ Зеланд 3.4 хувь, Сингапур 2.9 хувь, Өмнөд Солонгос 2.6 хувь, Австрали 2.5 хувь, Хонгконг 1.4 хувь, Япон 0.7 хувьтай гарчээ.

Улс орнуудыг бүс нутгийн хэмжээгээр эрэмбэлж, эдийн засгийг нь үнэлж гаргадаг энэхүү жагсаалтыг гаргахдаа ДНБ-ий суурь жил, албан бус эдийн засгийн хэмжээ, эдийн засгийн үйл ажиллагааг хэмжихэд зориулагдсан нөөц, Засгийн газрын хөндлөнгийн оролцоо, ҮНТ-ийн хүрээ, зэргийг голлон харгалздаг байна. Тодруулбал, эдийн засгийн үзүүлэлтүүдийг тус бүрт нь эхэлж үнэлээд, дараа нь өгөгдөл бүрийн өөрчлөлт дээр тулгуурлан тодорхой дүн шинжилгээ хийж, эцэст нь нийлбэр DQR оноогоор нэгтгэдэг аж. Харин засаглалын хэмжүүрийг гаргахдаа бизнес эрхлэхэд хялбар байдал, хууль дээдлэх ёс, хэвлэлийн эрх чөлөө, улс төрийн эрх, иргэний эрх чөлөө зэргийг суурь болгон авч үздэг аж. Онооны хувьд 0-100 хүртэлх оноогоор дүгнэх бөгөөд тэг рүү чиглэсэн оноо нь муу гүйцэтгэлийг, харин 100 руу чиглэсэн оноо нь сайн гүйцэтгэлийг илэрхийлдэг гэж энгийнээр ойлгож болох юм.

Энэхүү жагсаалтад байгаа бусад улс орны хувьд эдийн засгийн хөгжлөөр манайхаас харьцангуй өндөр хөгжсөн ч сүүлийн жилүүдийн тоон үзүүлэлтээр үзэхэд эдийн засгийн өсөлтийн хурд нь саарсан дүнтэй байгаа аж. Мэдээж цар тахлын дараах эдийн засгийн хямрал дэлхийн өнцөг булан бүрт их, бага хэмжээгээр нөлөө үзүүлж байгааг томоохон эдийн засагчид Дэлхийн эдийн засгийн форум дээр ч онцлон ярих болсон. Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт харьцангуй хурдтай бүс нутгаа тэргүүлэх болсны гол шалтгаан нь сүүлийн үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг сайжруулах, олон тулгуурт бодлогод чиглэсэн томоохон арга хэмжээнүүд эхнээсээ үр дүнгээ өгч байгаагийн нэг илрэл гэж хэлбэл болохоор.  Тухайлбал, нүүрсийг биржээр арилжаалж эхэлснээр экспортын орлого эрс нэмэгдэж, илт эерэг үзүүлэлттэй байгаа гэдгийг ч Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монголын эдийн засгийн форумын үеэр ч дурдаж байлаа. Энэ мэтээр аль болох тогтвортой эдийн засгийн бодлого баримталж байгаа нь цаашид өсөлтийн хурдаа тогтмол хадгалах, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх, уул уурхайгаас гадна бусад салбаруудаа зэрэг хөгжүүлж солонгосруулах бодлогуудад урам өгч, хүч нэмсэн томоохон олон улсын үнэлгээ болжээ. Ямартай ч улс орнууд эдийн засгийн хямралаас гарах асуудлыг хөндөж байхад манай улс өсөлттэй байгаа эерэг үзүүлэлтээ баталгаажуулж байгаа нь ирэх жилүүдэд өсөлт тогтвортой байх сайн ирээдүйн нэг илрэл биз.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.НАНДИН