×
2023-07-07

“Бат-Өлзий хийц” ХХК нь Монгол гэр үйлдвэрлэлээр 20 гаруй жил дагнан ажиллаж байгаа  үндэсний үйлдвэрлэгч. Үүсгэн байгуулагч Д.Очир нь Монгол гэрийн өв соёлыг тээгч үйлдвэрлэгчээрээ алдартай Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул хүн. Тэр ч утгаараа дотоод болоод гадаад улсын хэрэгцээг хангахаар зорин ажиллаж байна. Тус компани нь Монголдоо анх удаа монгол гэрийн чанар стандартын гэрчилгээ авсан компаниар тодроод байгаа юм. Тиймдээ  ч төрийн худалдан авалтад шалгарч компаниа илүү  өргөжүүлэх боломж нь бүрджээ.

 

- Монгол гэрийн чанарын стандартыг  хангасан  анхны компаниар тодорсонд баяр  хүргэе. Компанийнхаа талаар манай уншигчдад танилцуулбал?

 

 

-Баярлалаа. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын уугуул. Компани маань  2009 онд байгуулагдсанаас хойш 13 дахь  жилдээ  үйл ажиллагаагаа явуулж байна. Манай нутаг их онцлогтой л доо. Монгол гэр үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Одоо  бол 60 -аад хувийг үйлдвэрлэдэг юм билээ. Бизнес маань Монгол гэрийн үйлдвэрлэл эрхэлдэг сумаас эхлэлтэй болохоор компаниа “Бат-Өлзийт хийц” гэж нэрлэсэн. 

 

- Чанар стандартын гэрчилгээ авсан анхдагч компани гэдэг  утгаараа хүндрэлтэй зүйлүүд байсан  байх?

 

-Өнгөрсөн хавар Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг  ЖДҮГ-ын “Эх оронч худалдан авалт” арга хэмжээг зохион байгуулсан. Манайх, гэр үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран энэ  арга хэмжээнд  оролцсон. Дотоододоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, мөн төрийн худалдан авалтад дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах зорилго тавин ажиллаж байгаа юм билээ. Тийм ч учраас дотоодын үйлдвэрлэгч нарыг цахим дэлгүүрт оруулан ажиллаж байгаа. Бидний хувьд бүтээгдэхүүндээ чанарын шалгалт хийлгүүлж, бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр гурван сарын дараа стандартын гэрчилгээгээ авсан. Чанарын стандартын гэрчилгээ авсан анхны байгууллага болсондоо бид хувьдаа баяртай байгаа. Бусад компаниуд маань ч чанарын стандартаа баталгаажуулаад, цахим дэлгүүрт бүтээгдэхүүнээ байршуулахад нээлттэй юм байна лээ.

 

 

 

-Төрөөс тавьж буй чанрын стандартад нийцэхийн тулд ямар шалгуурыг  давдаг вэ?

 

- Монгол гэрийн хувьд мод их чухал. Цавуу, лак, будаг гээд бүгд чанрын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хамгийн гол нь чанрын  шаардлага хангасан материал буюу сайн  чанрын модоор хийх  ёстой. Яр багатай, өмхрөөгүй цууралтгүй модоор үндсэн эдлэлээ хийх шаардлагатай байдаг. Цавуу гэхэд л хүний эрүүл мэндэд хоргүй, наалдац сайтай байх ёстой. Мөн будаг нь ус болон тосон суурьтай хийгдэж байгаа. Эрүүл мэндийн хувьд харшил өгөхгүй усан суурьтай будаг  ашиглах  ёстой  зэрэг чанрын  шаардлагууд байдаг. Ирэх жилээс үйлдвэр маань усан суурьтай будаг ашиглахаар зорилт тавин ажиллаж байгаа.

 

 

 

- Ямар загвар хийцээр гэрээ үйлдвэрлэж байгаа вэ?

 

- Монгол гэр нь нүүдэлчин соёл иргэншилтэй улс орнуудын маш чухал сууц. Амьдрах таатай орчин, тав тухтай байх боломжоор хангадаг ийм сууц өөр дэлхийн хаана ч байхгүй. Манай гэрүүдийн тухайд 3 ханатайгаас 20 ханатай гээд багаасаа том хүртэл ахуйн хэрэглээний, аялал жуучлалын болон томоохон арга хэмжээнүүдэд барьж ашиглахолон янзийн зориулалтаар хэрэглэж байна.  Одоогоор Монголд хамгийн том нь 25 метрийн диаметртэй гэр бий. Энгийн хэрэглээнд бол дөрвөн ханатыг хамгийн багад тооцож байна. Гар сийлбэртэй болон, цахилгаан машинаар сийлсэн, энгийн хээтэй, будагтай, лакан гэх мэтээр олон янзын хийц загвартай болсон. Орчин үед карказан, угсардаг, хүннү гээд хийц загварын хувьд маш олон янз болж байна.  Энгийн байнгын хэрэглээнд улаан эрээн, лакан, сийлбэргүй гэр бол олны хэрэглээнд байгаа. Аялал жуучлал болон бусад хэрэглээнд карказан, угсардаг, гар сийлбэртэй гэрүүд ихэвчлэн хэрэглэгддэг.

 

- Танай компаниас гадна хэдэн байгууллага чанар стандартын гэрчилгээ авах шаардлага хангасан бэ?

- Одооноос байгууллагууд идэвхитэй оролцож эхэлж байгаа юм билээ. Манай байгууллагын хувьд цаанаас тавьсан шаардлага, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж, бүх материалыг бүрдүүлж өгсөн. Стандарт хэмжилзүйн газраас хоёроос гурван сарын хугацаанд хянаж шалгаж дээж авч, лабораторын шинжилгээнд оруулдаг юм билээ. Тэр бүх шаардлагыг хангасан учраас стандартын гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээ нь нэгээс гурван жилийн хугацаатай. Стандартад нийцэхгүй бол гэрчилгээг хүчингүй болгодог.Харин стандартаа улам сайжруулж чадвал гэрчилгээг сунгадаг юм билээ.

 

Монгол гэрийг Европын орны зах зээл рүү гаргахад 70 мянган евро хүрдэг

 

 

- Монголчуудын хэрэглээнд голдуу дөрвөөс таван ханатай гэр байдаг шүү дээ. Олны хэрэглээг хангахад танай үйлдвэрийн хүчин чадал хэр хүрэлцдэг вэ? Зах зээлийнхээ хэрэгцээг хангаж чадаж байна уу?

 

-Дотоодын хэрэглээгдөрвөөставан ханат. Харин зургаа, долоо,найм, ес гээд томроод ирэхээр аялал жуучлал, томоохон арга хэмжээнд зориулагдаж захиалгаар нийлүүлдэг. Гадаадаас ирэх захиалга нэмэгдэж байгаа. Манай байгууллагат мужаан, зүлгүүрчин, будагчин, хээ сийлбэр тавигч, оёдолчин гээд 5-8 хүн одоогоор ажиллаж байна. Захиалгаасхамаараад сардаа 20-иос дээш гэр үйлдвэрлэдэг. Манайхтай хамтран деталиудыг нь үйлдвэрлэдэг цехүүд ч бас  бий. Тэдэнтэйгээ нийлээд захиалга авбал сардаа 50-аас 100 гэр үйлдвэрлэх бүрэн боломжтой.

 

- Гадаад улс руу нийлүүлэх тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна?

 

- Гадагшаа чиглэсэн бодлого гэвэл барууны орнууд, БНХАУ улс гээд Монгол гэр авах хүсэлт их байгаа. Үүн дээр гол шаардлага бол чанар стандарт, тухайн улс оронд нь зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л цаашдын зах зээлдээ өрсөлдөх чадвар бий болж байна. Тэгэхгүй бол өөр улсад Монгол гэр үйлдвэрлэдэг газрууд бий. Тэдэнтэй чанраар л өрсөлдөнө.

 

- Монгол гэрийг үйлвэрлэхэд хамгийн чанартай модыг л ашиглана. Дурын модоор гэр үйлдвэрлэхгүй. Танай үйлдвэрийн хувьд ямар төрлийн модоор гэрээ хийдэг вэ?

 

 

-Монгол гэр үйлдвэрлэгч олон байгаа, тэр хэмжээгээр өрсөлдөөн ч их. Үнэ өртөгийн хувьд бараа материал, ажиллах хүч гээд 90 хувийн зардалтай. Үлдсэн 10 хувь нь ашиг болдог. Гадаад улс руу гаргавал 20 30 хувийн ашиг олох боломжтой. Гэр үйлдвэрлэгч нар маань чанартай материал олохын тулд ОХУ-аас мод экспортлох, төртэй хамтарч үйл ажиллагаа явуулах гарц гаргалгааг хайж байна. Дотоодын мод бэлтгэдэг газруудтайгаа ярилцаж байгаа. Чанарын шаардлага хангасан мод олдоц муутай байна. Монгол гэрийн хана өөрөө их чухал тулгуур багана болж өгдөг. Ханыг бургасаар хийж байна. Нүүдэл суудал хийхэд хөнгөн, бат бөх гэдэг утгаараа. Суурин амьдралтай хүмүүсийн хувьд хар мод, хусаар хийсэн нь илүү үр дүнтэй. Хаалга, тооно, багана бусад эд ангиудын хувьд нарсаар хийдэг.Хуш модоор ч хийх боломжтой. 

 

- Монгол хүний эрүүл мэндэд их тустай элдэв харших зүйлгүй Дэлхийн хаана ч байхгүй сууц шүү дээ. Та санал нийлэх үү?

-Яг зөв. Эрүүл мэндэд тустайгаас гадна агаарын солилцоо, сэлгэлтэд их чухал ач холбогдолтой сууц. Монгол гэрийг Европын орны зах зээл рүү гаргахад 70 мянган евро хүрдэг.Архитекторын нарийн шийдлээр шийдсэн. Монгол гэр бол тэр тал дээрээ их чухал. Мөн дугуй соёл гэдгээрээ муу энерги шингэдэггүй, өвөлдөө дулаан, зундаа сэрүүн, агаар сэлгэдэг, эрүүл мэндэд маш чухал. Жаахан арчилгаа шаарддаг ийм л сууц юм.

 

- Ярилцсанд баярлалаа.