×
2023-07-05

Прокуророос 2023 оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт 1.408.068 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар буурсан байна. Зөрчлийн хэргийн 72 хувь нь Нийслэлд, 28 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Зөрчлийн хэргийн төрлөөр нь авч үзвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 6 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 12.4 хувиар буурсан байна.

Харин Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 30 хувиар, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 17 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6.6 хувиар тус тус өсжээ.

Хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна.

Прокуророос 2023 оны эхний хагас жилд хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна. Тодруулбал,

Хулгайлах гэмт хэрэг 13.751 буюу 29.7 хувь;

Залилах гэмт хэрэг 12.759 буюу 28 хувь;

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 4372 буюу 9.5 хувь;

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1635 буюу 3.5 хувь;

Мал хулгайлах гэмт хэрэг 1515 буюу 3.3 хувь;

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 829 буюу 1.8 хувьтай байна.

Авлигын гэмт хэрэг Нийслэлд болон Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ.

Прокурор 2023 оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1247 хэрэгт хяналт тавьж, 146 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар өссөн бөгөөд 65.1 хувь нь Нийслэлд, 34.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ.  

Нийт бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн 76.4 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Авлигын гэмт хэргийн улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 235.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 2.3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт ихэвчлэн 18-30 насныхан холбогдож байна.

Прокурор 2023 оны эхний хагас жилд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 264 хэрэгт хяналт тавьж, 129 яллагдагчид холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт нийт 174 хүн холбогдон шалгагдсанаас 67.2 хувь нь 18-30, 28.2 хувь нь 31-44, 2.9 хувь нь 45-аас дээш, 1.7 хувь нь 17 хүртэл насны хүмүүс байна. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 85 хувь нь эрэгтэй, 79.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн дийлэнх буюу 91.7 хувь нь Нийслэлд, харин Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв аймагт 8.3 хувь нь бүртгэгджээ. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна.  

Прокурор 2023 оны эхний хагас жилийн байдлаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 631 хэрэгт хяналт тавьж, 261 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 86 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, 22.9 хувь нь 18-30, 57.6 хувь нь 31-44, 18.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа бол 94.3 хувь нь эрэгтэй, 5.7 хувь нь эмэгтэй байна. Мөн 64.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа ба 42 хувь нь согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт 116 хүнийг хохирогчоор тогтоосон бөгөөд насны хувьд, 17 хүртэлх насны 10, 18-30 насны 30, 31-44 насны 52, 45-аас дээш насны 24 хүн байгаагаас эрэгтэй 19, эмэгтэй 97 хүн байна.

 

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 14.2 хувиар өссөн байна.

Прокурор 2023 оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулахаар 762 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 236.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр буюу төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 186.5 тэрбум төгрөгөөр буюу 3.6 дахин өссөн байна.

Тухайлбал, Монгол Улсын “Хөгжлийн банк” ХХК-ийн хүсэлтээр “Эрэл” ХХК-аас зээлийн төлбөр 202.9 тэрбум төгрөг, “Монгол драй милк” ХХК-аас 74 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргүүдэд гуравдагч этгээдээр оролцож, “Эрэл” ХХК-аас 171.2 тэрбум төгрөг, “Монгол драй милк” ХХК-аас 74 тэрбум төгрөг тус тус гаргуулсан байна.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй, “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” төрийн бус байгууллага нь төрийн өмч болох газар, барилга, байгууламжийг өөрийн эзэмшилдээ авсныг хууль бус болохыг тогтоолгон буцаан авах тухай иргэний хэрэгт, 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэхэмжлэлтэй, “Төмөр трейд” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.3 тэрбум төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт прокурор төрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр оролцож байна.

Мөн Төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 209.6 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар гаргуулахаар прокурор 32 нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлээд байна.

 

гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон, холбогдсон гэмт хэргийг нэгтгэн судалж, хянах ажлын хэсэг.

 

Улсын ерөнхий прокурорын газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, хянах 17 прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, сүүлийн 6 жилийн хугацаанд шалгагдсан хэргүүдийг хянасан.

Сүүлийн 6 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой 342 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гадаадын хөрөнгө оруулагч хохирсон 239, гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон 103 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65,9 хувийг залилах гэмт хэрэг, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын гэмт хэрэг эзэлж байна.

Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 12,0 тэрбум төгрөгийн хохирлыг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон 31, холбогдсон 8 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8,4 тэрбум төгрөгийн хохирлыг шүүхийн шийдвэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.

Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 174, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 78, нийт 252 хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн 83.3 хувьд нь тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллага болон хяналт тавьж буй нэгж прокурорын газарт өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 4 хэргийг сэргээж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр харьяа мөрдөх байгууллагад хүргүүлжээ.

Цаашид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийг богино хугацаанд хянан шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг мөрдөгч, прокуроруудад үүрэг болгосон.

 

НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ, ЭКСПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ.

 

Улсын ерөнхий прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэгт нийт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 6 прокурор хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсгээс одоо нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 18 хэрэг шалгагдаж байна.

Нийслэлийн прокурорын газраас “эрх бүхий албан тушаалтнууд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулахад эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авч, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх 58 хүнд холбогдох, 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Одоо тус прокурорын газарт 26 яллагдагчтай болон 1 яллагдагчтай, нийт 2 хэрэг шүүхэд шилжүүлэх саналтай хянагдаж байна.

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргүүдэд нийтийн албан тушаалтан 89, хуулийн этгээдийн авлигал өгсөн гэх албан тушаалтан 19, иргэн 30, 2 хуулийн этгээд тус тус яллагдагчаар татагдсан байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос мөрдөх байгууллагуудад орон байранд нэгжлэг хийх зөвшөөрөл 201, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах зөвшөөрөл 26, мэдээлэл баримт бичиг гаргуулах зөвшөөрөл 108, эд зүйл хураан авах зөвшөөрөл 18, нийт 353 зөвшөөрөл олгосон.

Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаагаар 201 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1073 удаа, гэрчээр 2425 хүнээс мэдүүлэг авч, 1557 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Одоогийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум  төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, 97 үл хөдлөх хөрөнгө, 49 тээврийн тээврийн хэрэгсэл, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын  гүйлгээг, 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаад байна.

 

Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг ШАЛГАХ ажлын хэсЭг

 

Улсын ерөнхий прокурорын газраас Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон 230,1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, мөн улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэх, албан тушаалтнуудын зүгээс эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна.