×
2023-07-04

УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны үеэр гадаадаас баривчлан ирлээ хэмээн бөөн дуулиан дэгдэж, түүний цагдаад баривчлагдан ирж байгаа зураг сошиалаар нэг сэвэгдсэн. Түүнийг 2018 оноос хойш авлигын хэрэгт шалгахаар хайж байгаа боловч гадаадад дүрвэсэн гэгдэж байсан бөгөөд Филиппин улсаас өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилж ирснээс хойш цагдан хорьж, шалгаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр түүнийг үргэлжлүүлэх дахин нэг сараар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Ингээд албан мэдээллийг хүргэж байна.   

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу  үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР