×
2023-07-03

Усны машинаар ус ирдэг, ус түгээх байр тодорхой цагийн хуваарийн дагуу ажилладаг, баяр ёслолын үeэр худаг дээр урт дараалалд зогсдог, усаа нөөцөлдөг тэр цаг саяхан юм шиг санагдана. Хүн бүр хүссэн үeдээ ус уух эрхтэй. Хэдэн ч цагт худгаас усаа авчихдаг, худгийн ус дуусдаггүй байгаасай гэсэн мөрөөдөл ганц миний төдийгүй гэр хорооллын хүүхдүүд, хүн нэг бүрийнх байсан.

Өнөөдөр бид бүхэн Сонгинохайрхан дүүргийн II хороонд Ухаалаг худгийн нээлтийн үйл ажиллагааг хийж нийт 696 Ус түгээх байруудын даруй 40 хувь нь smart болсон баярт мөчийг ард иргэдтэйгээ хуваалцлаа. Сайхан байна. Иргэд 207-р Ус түгээх байран дээр ухаалаг худгийн үйл ажиллагаатай нарийн тодорхой танилцаж бид бүхэн сонирхсон асуулт бүрт нь хариулт өглөө. Наадмаар усны гачаалгүй дэлгэр сайхан наадах нь ээ. Баярын өдрүүдэд усанд явах тоглоом биш. Яг очёр болоход ус дуусчихдаг бэрхшээлийг туулсан хүн л мэднэ дээ. Усны тэрэгтэй айл ч цөөн шүү дээ. Eрдөө 20л усанд хоёр гурван цаг явна. Бидний хүүхэд нас тэгж л өнгөрсөн юмдаг. Тэр өдрүүдээ бодоход нэгэн том даваа давж, их хэрэг бүтээсэн юм шиг санагдаж байна.

Дашрамд, Манай Ус сувгийн удирдах газар гэр хорооллын нийт 418470 хүн амыг төвлөрсөн системд холбогдсон 326, зөөврийн 370 нийт 696 ус түгээх байраар дамжуулан унд ахуйн стандартад тохирсон усаар тасралтгүй хангах үйлчилгээг үзүүлж буй. Бид 2016 оноос эхлэн гэр хорооллын иргэдийн ус хангамжийн болон үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт шинэ техник технологийг нэвтрүүлэх үүднээс 151 ус түгээх байрыг ухаалаг төхөөрөмж бүхий 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэх, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд энэхүү ажил үe шаттай амжилттай өрнөж байна. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын 6 дүүргийн 51 хорооны иргэдэд чанарын шаардлага хангасан унд ахуйн усыг 24/7 цагаар авах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, УСУГ-аас зарцуулж буй өндөр зардлыг бууруулах юм. Ухаалаг худагтай усны гачигдалгүй ирээдүйд бид алхам алхмаар ойртож байна. Цэнхэр алт усаа хайрлацгаая. Ухаалаг худгаа зөв сайхан хэрэглээрэй, та бүхэн.