×
2023-06-29

Хоршоо гэхээр хүмүүс сайн мэдэхгүй ч байж магадгүй, тэр тусмаа хот суурин газрынхан. Харин өргөн уудам нутагт мал аж ахуй эрхлэгчдийн хувьд бол хоршоо маш сонирхол татам бүтэц. Товчхондоо малчид болон бизнесмэнүүд хамтран ажиллаж дутуугаа нөхөж, дундуураа дүүргэнэ гэсэн үг.

       Тухайлбал, Хэнтий  аймгийн Өмнөдэлгэр  сумын “Энхбум” хоршоо 100 гаруй гишүүнтэй, оргил үедээ бол 300 гаруй гишүүнтэй байсан гэдэг. Тус хоршооны захирал З.Оюунцэцэг хөдөөний малчдынхаа махыг ченж, дамжлага давуулж, үнийг нь хэт өсгөхгүйгээр хот суурин газрынханд хүргэхийг хичээдэг гэж ярьж байсан. Ингээд хоршоогоо байгуулаад 15 жил болж байгаа захирал бүсгүйтэй уулзаж малын мах, түүхий  эдийг хэрхэн зах зээлд нийлүүлэх хийгээд  малчдад тулгамдаж буй асуудлуудаар бидний  яриа өрнөсөн юм.  

 

 

           -Анх хоршоогоо хэрхэн байгуулж байсан талаар яриагаа эхлэвэл зүйтэй байх?

          -Манай  хоршоо анх  2008  онд байгуулагдсан. Тээр жил айхтар  зуд  болсны  дараа эрчимжсэн мал  аж ахуй хэрэгтэй  юм байна  гэж  үзээд “Энхбум” хоршоогоо байгуулж байсан юм.  Малчид ганц нэгээрээ биш сумаараа нэгдээд хоршоогоо 110  гишүүнтэй болж өргөжүүлсэн . Нэгдэж ойлголцоод хамтарч зах зээл рүү гарья, ажил төрлөө хамтарч хийдэг  больё гээд явж байтал ноосны  урамшуулал гарсан. Ноосны  урамшууллыг хоршооны  гишүүнд  өгнө гээд тодорхойлсон учраас гишүүд огцом нэмэгдэж, 300 гаруй гишүүнтэй болж байлаа. 

        Энэ нь нэг талаараа хоршоог дэмжиж байгаа юм шиг хэрнээ, ач холбогдлыг сайн ойлгоогүй  хүмүүст эсрэгээрээ  үр дүнгүй байсан. Урамшууллаа  авахын тулд л баахан хоршооны  гишүүн нэмэгдэж, инхэнэ гишүүнээр элссэн 100-аад хүн учраа олоод дөнгөж олоод нэгдээд явж байтал хэт олон гишүүдтэй болохоор учраа  олохоо байсан л даа. Үүнээс болоод ихэнх хоршоо замарсан. Одоо харин урамшууллын журам өөрчлөгдөж асуудал цэгцэрч байгаа.

 

       

    -Хоршооны ач  холбогдолыг малчид ухаж ойлгохгүй байна уу?

           -Хоршооны гол  зорилго нь малчид хэрэглэгчид хоёрын гүүр болох юм. Малчдыг ноос, ноолуур, арьс шир гээд бүх л бараа  бүтээгдэхүүнээ хамгийн сэтгэл ханамжтайгаар борлуулах  үүргийг л өөрсдийнх  нь байгуулсан хоршоо хийх гээд байгаа юм. Тийм  тогтолцоог  бий  болгох гээд төр  засгаас  ч  дэмжээд байгаа ч нэг  л учраа  олохгүй байна.  Төр засгаас дэмжээд, сургалт  семинар зөвлөгөөн зохион байгуулаад байгаа хэрнээ яг хөрсөн дээрээ буухгүй  байна л даа.  Яг  зөв  хоршоо нь байгуулагдаж чадахгүй байна.    

 

         

-Тоглоомын дүрмээ тодорхой болгоно гэдэг шиг, дүрэм журмаа тохироод явбал цэгцрэх бус уу?

         -Ном дүрмээрээ бол хоршооны гишүүн гэдэг чинь хамтарч  ажиллаж байгаа хэлбэр л дээ. Өөрсдийн  аж ахуйгаа  хамтарч  байгуулаад, үйлчилгээний  төвөө  нээж байна гэсэн үг. Хоршооны гишүүдийнхээ малын  мах  түүхий  эдийг зах зээлд борлуулж өгөхийн тулд л нэг ёсны  сүлжээ үүсгэж нэгдмэл хэлбэрт орсон. Тэгээд аятайхан явж байтал урамшууллаас болоод 300 хүнтэй болоод бужигнасан.

        Олон жил  ажиллах  тусам бид төөрөгдөлөөсөө  гарч, олон гишүүнтэй байхаас  илүү чанартай  цөөхөн гишүүнтэй байх  хэрэгтэй юм байна гэж үзсэн. Ажил хөөцөлдөөд  явахаар танайх 370 гишүүнтэй маш том хоршоо юм байна ш дээ гэдэг. Яг үнэндээ ихэнх гишүүд нь 100 мянган төгрөгнийхөө хураамжийг өгөөгүй нь ч байгаа шүү дээ.

 

       -Ноос ноолууран бүтээгдэхүүний кластер гээд салбар салбараараа нэгдээд гол асуудлуудаа тодорхойлоод бодлогын түвшинд  төрөөр шийдүүлээд  явдаг  нэгдмэл газрууд байдаг. Малчид нэг  л учрыг нь олохгүй байна уу?  

       -Бүх салбар сүлжээ маягаар явж байгаа учраас арьс шир, мах,  ноос  ноолуурынхан гээд нэгдсэн  зарчмаар ажилламаар байгаа юм. Бие биенээ, ажлаа мэддэг учраас ноолуурынхан  ноолуураасаа, махныхан махнаасаа ашгаа хэрхэн олох вэ гэх зэргээр асуудлуудаа ярилцаж шийдүүлмээр байгаа юм. Хүн болгон ямар  нэг юм хийж  байж  бизнесээ  өргөжүүлэхийг бодно шүү дээ. Тэгэхээр малчид нэгдэж нэгдмэл бодлоготой болж байж амжилттай ажиллах нөхцөл бүрдэнэ.

       Гэтэл жалгын нэг тарж бутарсан хүмүүс байгаад байна. Угтаа  бол хоршооны  ая холбогдол их шүү дээ. Малчны гараас  махаа авч шууд махны  худалдаанд  өгөх. Хэд хэдэн ченжийн  гар дамжихаар  махны үнэ дагаад өсдөг. Цаг хугацаа  зардал хэмнэсэн ажил  бол ашиг тэндээсээ л гарна.

 

       -Махны  бизнест шүлхий зэрэг малын  өвчинтэй  холбоотой асуудлууд байдаг. Танай  хоршоо мал эмнэлэгтэй хамтарч  ажилладаг уу?  

        -Социализмийн  үед  малаа айхтар эрүүлжүүлдэг, Мал эмнэлэг нь сайн  ажилладаг байсан. Одоо бол тэр үеийнх шиг нэгдсэн удирдлага  байхгүй хүн болгон толгойгоо мэдээд явахаар мал эмнэлэг нь ч сайн биш байна. Малчид нь малаа  эрүүлжүүлэхээ  мэдэхгүй. Тариа будаагаа  ч  зохицуулалтад оруулахгүй дур дураараа  явсан учраас  тэр нь арьс  ширний  чанрыг муутгаж үнэгүй болгоход нөлөөлсөн.

        Гэхдээ сүүлийн 2- 3  жилд харьцангуй сэргэж байгаа. Энэ хавраас малын арьсаа урагшаа гаргах нөхцөл  бүрдсэн  гэсэн. Хууль  дүрэм нь батлагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Нэхий бол ямар ч  үнэгүй  хэвээрээ. Бодын шир гэмтэлгүй арьс нь 20-25 мянган төгрөгний үнэтэй байгаа.

 

       -Хэнтийн мах амттай гэх юм билээ. Малын тоо толгойгоороо мах бэлтгэх хэмжээний их байгаа юу?  

     -Манай  Хэнтий аймаг  тэр дундаа Өмнөдэлгэр сум маань улсдаа малын тоо толгойгоороо сүүлийн  2,3  жилд улсдаа тэргүүлж байгаа. Манай сумынхны  амжиргааны  түвшин сайн. Зарим айлууд 1000, ихэнх айлууд 600, 700  үхэртэй. Малаа махны  чиглэлээр хөгжүүлсэн. Үнээгээ саадаг айл  манай  Өмнөдэлгэрт  бараг байхгүй.  Сааж боловсруулж  чаддаг хүмүүс хэдхэн л байгаа. Ер нь  хүн хүч  байхгүй. Хоршооны  гишүүдийг  харахаар  залуу  малчин байхгүй.

     Залуу хүмүүс  угаасаа  мал маллах  дургүй байна л даа. Залуусаа дэмжсэн төрийн бодлого байвал арай өөр  байх л даа. Би л 2008 онд хоршоогоо  байгуулаад 17 жил болсон. Тухайн үед хоршоодыг дэмжих аян хөтөлбөр зэрэг том том арга  хэмжээнүүд  их болдог байсан. Залуу байхдаа уриа лоозонд нь их итгэж явдаг байлаа. Энд тэндэхийн хурал зөвлөгөөнд маш их оролцдог. Хөрсөн дээрээ буухгүй сэтгэл хөдлөлөөр их явдаг байсан.

    Төр засаг  дэмжих юм байна гээд л сэтгэлийн хөөрлөөр явж байсан. Хадгаламж  зээлийн  хоршооны  асуудлаас болоод хоршооны  нэр хүнд  унасан л даа. Энд мөнгөө өгвөл  алга  болно гэж хүмүүс болгоомжилдог. Яг үнэндээ гишүүдээс 100,  100 мянган төгрөг хураагаад 10 саяар босдог аж ахуйн нэгж ч гэж юу байх вэ. Сүүлийн үед олон гишүүнтэй байснаас чанартай цөөн гишүүнтэй  байх бодлого бариад  ажиллахаар  болсон.

     Цаашид манай хоршооны гишүүн 10 саяар, 5 саяар  гишүүнээр орж байгаа цөөн хэдэн хүндээ үйлчлээд   явах  сонирхолтой байгаа. Хоршооны хуулиар дарга  нь, гишүүн нь ямар үүрэгтэй, цаашид  ямар дүрмээр ажиллахаа ярилцаж тохироод явах юм. Манай хоршоо нийгмийн  хариуцлагын хүрээнд нэг айлд  гэр авч өгсөн. Шинээр баригдсан цэцэрлэгт хандив  өргөсөн зэрэг хандив  тусламжинд оролцсон байдаг. Нийгмийн даатгал, татварт тодорхой хэмжээний мөнгө төлж, хичээж л ажиллаж байгйаа даа.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.  

Л.Сахиус