×
2023-06-28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Еөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн дор Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.

 

Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг хэлэлцэж байгаа юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын албан ёсны нээлтэд оролцож зочид, төлөөлөгчдөд амжилт хүсэв.

 

Чуулга уулзалтын эхний өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-нд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалт болсон. Хоёр дахь өдрийн уулзалтаар залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээн зохион байгуулах юм.

 

Тэмцээнд дэлхийн 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчид ногоон бизнесийн шийдэл, байгаль орчны нөхөн сэргээх санаачилга гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж байна.

 

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгахаар төлөвлөжээ.

 

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д дэлхийн 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ,

 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, 

Бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо, 

 

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ гэгээн сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье.

 

20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хамтран зохион байгуулж буй Олон улсын худалдааны төв болон энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгч Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 

 

Мөн энэхүү чуулга уулзалтад оролцож буй эрхэм хүндэт зочин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн төлөөлөгч хатагтай Рабаб Фатима, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Памела Көүк Хамилтон, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Клаудио Визолли болон бусад төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд “Дэлхийн бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

 

Дэлхий дахины худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ажлын байрыг бий болгоход улс орнуудын бичил, жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. 

 

Дэлхий нийтэд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн 90 хувь, нийт ажил олгогчдын талаас илүү хувь нь бичил, жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид байна. 

 

Тухайлбал, дэлхийн банкны судалгаагаар эрчимтэй хөгжиж буй орнуудын хувьд дунджаар 10 ажлын байр тутмын 7-г нь бичил, жижиг дунд үйлдвэрлэгчид бий болгож, тэдгээр улс орнуудын үндэсний нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлж байна.

 

Цаашлаад 2030 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амыг ажлын байраар хангахад нийтдээ 600 сая шинэ ажлын байр бий болгох шаардлагатай гэсэн тооцоо гарч, улс орнуудын бодлогын тэргүүлэх чиглэл нь бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудал болоод байна.

 

Харин сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, бараа үйлчилгээний нийлүүлэлт, өртгийн сүлжээнд өмнө байгаагүй сорилт бэрхшээл учраад байна. 

 

Нэн ялангуяа далайд гарцгүй, хөгжиж буй орнуудад дээрх хүндрэл бэрхшээл илүү хүчтэй мэдрэгдэж, илүү их зардал, хохирол амссан.  

 

Тиймээс хүн төрөлхтөн цар тахал, бараа үйлчилгээний үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг олон хүнд сорилт бэрхшээлтэй нүүр тулсан нэн хариуцлагатай цаг үед  энэхүү 20 дахь удаагийн Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, цахим, тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Түүнчлэн эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой, дархлаатай нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгох, улс орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүд, гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн байгууллагуудын үүрэг оролцоо, харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү чухал болж байна. 

 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Энэ удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-аар Та бид далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл, боломж нөхцөл, дэлхийн экспортыг төрөлжүүлэх, тухайлбал, ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй олон асуудлуудыг хэлэлцэж, цаашдын харилцан ашигтай, хамтын ажиллагаагаа тодорхойлохоор хуран цуглаад байна. 

 

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд дэлхийн хүн амын 8 хувийг эзэлдэг бөгөөд хүн амын дийлэнх нь залуучууд байна. Дээрх улс орнууд нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд далайд гарцтай орнуудтай харьцуулахад харьцангуй сул бөгөөд дэлхийн эдийн засгийн 1 орчим хувийг л бүрдүүлж байна. 

 

Сүүлийн 20 гаруй жилд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн дундаж өсөлт нь далайд гарцтай орнуудтай харьцуулахад өндөр байсан нь эдгээр улсуудын хувьд газар зүйн байршил нь суурь бэрхшээл хэдий боловч харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж чадвал бодит үр дүнд хүрч болохыг харуулж байна.

 

Гэхдээ тэдгээр улс орнууд нь түүхий эдийн экспортоос хамаарал өндөр, эдийн засгийн байдал эмзэг хэвээр байна.

 

Мөн Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилт далайд гарцгүй улс орнуудад хангалтгүй хэвээр байсаар байна.

 

Түүнчлэн цар тахал, геополитикийн хурцадмал байдал ч далайд гарцгүй хөгжиж буй орнуудад хүнд цохилт болж, ялангуяа хүнсний хомсдол, эрчим хүчний хямралд өртөж, мөнгөн гуйвуулга татарч, ажиллах хүчний хомсдол нүүрлэж, эцэстээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд эрсдэл учруулахаар байна. 

 

Тиймээс энэхүү чуулга уулзалтаар Та бүхэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгараад буй асуудлуудын гарц шийдлийг хэлэлцэж, ажил хэрэгч санал, санаачилга гарган, дуу хоолойгоо нэгтгэн НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Гуравдугаар бага хуралд танилцуулна гэдэгт итгэлтэй байна. 

 

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, дэлхий даяар энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хичээн ажиллаж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсэн хэвээр байна.

 

Тиймээс дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлж, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэн, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ шинэ боломж нээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тэгш боломж олгох шаардлагатай байна. 

 

Монгол Улсын хувьд уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилт, шороон шуургыг сааруулах болон хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрийг оруулахаар идэвхтэй ажиллаж байна.

 

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачилж, улс орон даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна.

 

Дээрх үндэсний хөдөлгөөнүүд нь байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хурдасгаад зогсохгүй бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох зэрэг тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд эерэг үр дүн авчирна гэж итгэж байна. 

 

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Аливаа улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал үүрэгтэй байдаг. 

 

Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бизнесийг дэмжсэнээр нийгэм, эдийн засагт өндөр үр ашиг авчирч, эдийн засгийг төрөлжүүлэх, дархлааг нь нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг бууруулах зэрэг олон эерэг нөлөөтэй.

 

Харин ОУВС-ийн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт ажиллах хүчний 40 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс бараг 25 хувиар доогуур байна.

 

Мөн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн улс орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин 10-20 хувийн зөрүүтэй байгааг дурджээ. 

 

Түүнчлэн эмэгтэйчүүд албан бус салбарт түлхүү ажиллаж, ахуйн шинжтэй ажил түлхүү эрхэлж, удирдах албан тушаалд ч эрчүүдээс цөөн тоогоор ажиллаж байна.

 

Үүний зэрэгцээ 10 улс орны 9-д нь эмэгтэйчүүдийн хүйсээр ялгаварласан ямар нэгэн хуулийн хязгаарлалт байгаа нь эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн ашиглаж чадахгүй байгааг ОУВС-ийн судалгаа харуулжээ.   

 

Улс орнуудын төр засаг нь эмэгтэйчүүдээ сонсож, бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байж дэлхий нийт тогтвортой хөгжлийн зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадна.

 

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэсэн Ардчилсан Монгол Улсын хувьд улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хөгжилд жендерийн тэгш оролцоотой байх зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан юм.  

 

Монгол Улсад одоогоор 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж байгаа бөгөөд үүний 46.5 хувь нь эмэгтэйчүүд байна.  Нийт ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн 65 гаруй хувь нь цалин хөлстэй ажил хийж байгаа бол 13 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 21 хувь нь малчин эмэгтэйчүүд байна. 

 

Мөн манай улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эмэгтэйчүүд ажиллаж байгаа хэдий ч жижиг дунд, бичил бизнесийн салбарт түлхүү ажиллаж байна. 

 

Тухайлбал, ЖДҮ-ийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн бараг 70 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд тэдний 80 орчим хувь нь худалдаа, үйлчилгээ болон дахин боловсруулалтын салбарт ажиллаж, 2009-2020 оны хооронд 50 мянган ажлын байр шинээр бий болгожээ.

 

Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бүх талаар дэмжих чиглэлд онцгой анхаарч байна.

 

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцох оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг олон улсын жишгийн дагуу судлан боловсруулах ажлыг эхлүүлээд байна. 

 

Энэ дашрамд энэхүү чуулга уулзалтын хүрээнд Олон улсын худалдааны төвийн “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв”-ийг Монгол Улсад албан ёсоор нээж байгаад Олон улсын худалдааны төв болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд гүн талархал илэрхийлье. 

 

Энэхүү “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв” нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, Монгол Улсын худалдаанд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

 

Мөн дэлхий нийтийн өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй олон улсын энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэн ярилцахаар “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалт” Улаанбаатар хотноо тун удахгүй зохион байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.

 

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, 

Дэлхий дахины хөгжлийн ирээдүйг тодорхойлж буй нэгэн чухал асуудал бол цахим шилжилт билээ. Хүн төрөлхтний өнөө цагийн аж амьдрал, хөгжил дэвшлийг цахим ертөнц, цахим шийдэл, цахим худалдаагүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. 

Цар тахлын хүнд жилүүд хүн төрөлхтөнд цахим хөгжил, цахим шилжилт, цахим худалдааны үүрэг, ач холбогдлыг хүчтэй мэдрүүлсэн билээ. 

 

Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны байдлаар дэлхийн цахим худалдааны хэмжээ 27 орчим тэрбум ам.доллароор хэмжигдэж, 15-аас дээш насны дэлхийн нийт хүн амын 27 хувь буюу 1.5 тэрбум хүн цахим худалдаа хийжээ.

 

НҮБ-ийн судалгаагаар цар тахлын үе буюу 2020 онд дэлхий даяар үйлчилгээний экспорт 2019 оноос 20 хувиар буурсан байхад цахим үйлчилгээний экспорт дөнгөж 2 орчим хувиар буурсан байна. Тухайн үед цахим үйлчилгээний экспорт нийт үйлчилгээний экспортын 64 хувийг бүрдүүлжээ.

 

Мөн 2005-2019 оны хооронд цахим үйлчилгээний экспорт дэлхий даяар 12 хувиар өссөн байдаг бол Ази тивд 21 хувиар өссөн нь азийн орнууд цахим шилжилтийг илүү эрчимтэй хийж байгааг дээрх судалгаа харуулж байна. 

   

Цахим шилжилтийг үр дүнтэй, оновчтой зөв зохион байгуулж, цахим эдийн засгийн өсөлтийг хурдасгаж чадсан улс орны хөдөлмөрийн бүтээмж олон дахин нэмэгдэж байгааг олон улсын бодит туршлага, амжилтууд харуулж байна. 

 

Монгол Улс ч бусад орны жишгээр цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” болох зорилго тавьж, өнгөрсөн онд “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ыг шинээр байгуулсан.

 

Судалгаагаар 3.4 сая хүн амтай Монгол Улс 4.8 сая идэвхтэй үүрэн телефоны хэрэглэгчтэй болж, 3.5 сая хэрэглэгч өдөр тутамдаа өндөр хурдны интернэт ашиглаж, 1.3 сая хүн олон нийтийн цахим сувгуудыг тогтмол ашиглаж байгаа нь Монголчууд “Цахим үндэстэн” болох бүрэн боломжтойг илтгэн харуулж байна.

 

Далайд гарцгүй, өргөн уудам нутагтай, хүн амын хувьд тархмал суурьшилтай Монгол Улсын хувьд цахим шилжилт, цахим худалдааг хөгжүүлэх нь эдийн засаг, худалдааг төрөлжүүлэх нэг чухал суваг юм. 

 

Сүүлийн жилүүдэд Монгол Улс цахим хөгжлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, суурин газруудад шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлж, ялангуяа интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна.

 

 НҮБ-ийн судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн хийсэн цахим худалдаа 2017-2021 оны хооронд 5 дахин нэмэгдсэн нь далайд гарцгүй орнуудаас хамгийн өндөр өсөлт бөгөөд дэлхийд ч дээгүүр тооцогдож байна.

 

НҮБ-ийн хүүхдийн сангийн судалгаагаар манай улсын залуучуудын цахим хөгжил, цахим технологийн талаарх боловсрол, мэдлэг мэдэгдэхүйц сайжирч, тэдний бараг тэн хагас нь мэдээллийн технологийн  ерөнхий мэдлэгтэй байгааг онцолжээ.

Түүнчлэн дотоодын худалдаанд цахим төлбөр тооцоо өргөнөөр нэвтрээд байна.

 

Манай улс цахим шилжилтийг эрчимжүүлэхдээ хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих, тэдний бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, хүнд суртлыг бууруулах, цаг хугацаа хэмнэхэд онцгой анхаарч байна. 

 

Энэ хүрээнд “E-Mongolia” төрийн үйлчилгээний цахим платформыг хөгжүүлж, 71 төрийн байгууллагын 806 үйлчилгээг цахимжуулсан нь бизнес эрхлэгчид, ард иргэдээ дэмжиж буй цахим шилжилтийн эхний бодит үр дүн гэж үзэж байна.

Мөн бизнес эрхлэхэд төрийн зүгээс тавьдаг татвар, бүртгэл, зөвшөөрөл зэрэг олон шаардлагуудыг “E-Business” цахим платформоор дамжуулан шат дараатай цахимжуулж байгаа нь бизнесийн орчныг сайжруулахад бодит эерэг үр дүн авчирч байна. 

 

Цаашид цахим худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оролцогч талуудын хоорондох итгэлцэл, найдвартай аюулгүй, байдлыг хангах, орон нутгийн мэдээллийн технологийн дэд бүтцийг улам сайжруулах шаардлагатай байна.

 

Мөн цахим шилжилтийг эрчимжүүлэхэд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж байна.

 

Энэ чуулганаар цахим худалдааг өргөжүүлэх чиглэлээр сайн туршлага, ажил хэрэгч санал санаачилга гарган, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Дэлхийн нийт хүн амын 40 гаруй хувийг 25-аас доош насны залуучууд эзэлж байна. 

 

Өнөөдрийн гарааны болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгч залуучууд бол маргаашийн ажил олгогч, баялаг бүтээгчид бөгөөд дэлхийн ирээдүйн хөгжлийн хөдөлгөгч хүч юм. 

 

Тиймээс залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих, урамшуулах асуудал нь тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд нэн чухал тулгамдсан асуудал юм. 

 

Монгол Улсын хувьд нийт хүн амын 30 гаруй хувь нь 15-34 насны залуучууд бөгөөд харьцангуй сайн боловсрол эзэмшсэн гэж олон улсын судлаачид үздэг. 

 

Тухайлбал, 15-34 насны залуучуудын 30 гаруй хувь нь дээд боловсролтой  хэдий ч залуучуудын ажилгүйдлийн түвшин 20 орчим хувьтай байгаа нь ижил төстэй орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогддог. 

 

Тиймээс манай улсын хувьд эмэгтэйчүүд болон залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг чанартай, байнгын ажлын байраар хангах нь хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудал юм. 

 

Энэ хүрээнд залуу бизнес эрхлэгчийг дэмжихэд онцгой анхаарч, тэдний мэдлэг боловсрол, эрх зүйн орчныг сайжруулах, инкубатор төвүүдийг байгуулах, компаниуд цахим шийдэл, шинэ технологи нэвтрүүлэхийг нь урамшуулах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж, батлан гаргаад байна.  

 

Энэхүү чуулга уулзалтаар залуу бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг хөндөн хэлэлцэх бөгөөд залуусын мэдлэг оюун, бизнест хөрөнгө оруулж, тэднийг урамшуулан, дэмжсэнээр хариуцлагатай, хүртээмжтэй, ногоон хөгжлийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна. 

 

Энэ дашрамд энэхүү чуулганы үеэр зохион байгуулагдаж буй “Залуу Эко-Пренерүүдийн уралдаан”-д дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй залуу бизнес эрхлэгчид, ирээдүйн эзэд Та бүхэнд амжилт хүсье.

 

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Өнөөдөр Та бид ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжуудын талаар хэлэлцэн ярилцахаар хуран цуглаад байна.

 

Энэхүү нэр хүндтэй олон улсын чуулга уулзалт, хамтын үйл ажиллагаа, яриа хэлэлцэл, нэгдсэн зөвшилцөл нь Дэлхий нийтийн тогтвортой, хүртээмжтэй хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

 

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө, хүн төрөлхтний эрүүл, аюулгүй, амар амгалан амьдралын төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсад тавтай морилж, тухлан саатаарай.

 

20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” ийнхүү албан ёсоор нээснийг мэдэгдье. 

 

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.   

 

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтнийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.