×
2023-06-28

Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болж буй “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагааг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар нээж үг хэллээ.

Харин зочноор Олон Улсын Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Хатагтай Памела Кок Хамилтон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Хатагтай Рабаб Фатима, Дэлхийн Экспортыг дэмжих форумд оролцогч гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид болон монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчид оролцов.

Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо болж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын хүрээнд зохион байгуулж байна. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогчид энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийт, хөрөнгө оруулагч, худалдааны түнш байгууллагуудад танилцуулж буй. Арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургадугаар сард “Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд ихэнх албан ёсны ажлын байрыг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг буюу арван ажлын байр тутмын долоог бий болгодог. Дэлхийн Банкны тооцоолсноор 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох бөгөөд дэлхийн олон орны Засгийн газар ЖДҮ-ийн хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор энэхүү хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзэж байна.