×
2023-06-27

“Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр - 2023” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арьс  шир,  ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ  танилцуулж байгаа юм. Ингэснээр экспортын шилдэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчийн гарт хямд үнээр, нэг дороос хүргэх боломжийг олгож байгаа юм. Нөгөө талдаа энэхүү үзэсгэлэн худалдаа хөгжиж буй  орнуудын худалдаа экспортыг дэмжих, жижиг үйлдвэрүүдийг бараа бүтээгдэхүүнээ  олон улсын зах зээлд гаргах, дэлхийн бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Дашрамд  өгүүлэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас жил  бүр  зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнг өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Улаанбаатар хотноо  зохион байгуулж байгаа бөгөөд “Дэлхийн экспортыг дэмжих форум”- тай хамтатгаж байгаагаараа онцлог болж байна. Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчилах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий  ассемблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг “ Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр -2023” үзэсгэлэн худалдаа 28-ныг  хүртэл үргэлжилнэ.