×
2023-06-26

Манай сонины анхны ерөнхий эрхлэгч,  Монгол улсын хөдөлмөрийн баатар, сэтгүүлч Х. Цэвлээ гуай нэг удаа утас цохиж

-А хүүхээ би танай “Зууны мэдээ” сонины “Эгэл Монгол” буланг их таашааж байгаа шүү. Уг буланд бичигдэж байгаа жирийн хүмүүсийн хөрөг нийтлэл бүрийг уншдаг. Тэгээд номноос өөр юм "бараг мэдэхгүй" нэг нөхрийг санал болгоё гэж бодсон юм. Тэр хүн ердөө нэг албанд хагас зууныг үдсэн сонирхолтой бөгөөд мартагдах шахсан оноож хэлэх юм бол номын садан уйгаржин монгол бичгийн мастер гэхээр хүн л дээ. Нэр нь Л. Батмөнх. Чи нэг уулзаатах нуу гэлээ.

Хүсэлтийн дагуу тэр хүнтэй уулзлаа. Ярилцлаа. Үнэхээр миний эрлийн үзүүрт багтах хүн санагдсаан.

Нэг юм нөгөөдөө далдлагдаж мэдэгдэхгүй өнгөрдөг шиг олны дунд орхигдсон мэт үлдсэн алт шиг гэмээр нөгөө гэвэл зуун хүнээр сольшгүй хүн цөөнгүй л байдаг даа. Тиймийн нэг нь энэ эрхэм болой.

Хүмүүс бид чинь нэг жижигхэн ай савд эргэлдэж өнөө цагийн их үйл хэрэг мэт андуурагдсан улстөр лүү хэт хошуурсаар, түүнтэй л дийлэнхдээ  зууралдсаар чухамхүү үнэтэй цэнэтэй бүхнийг анзаарахгүй орхигдуулсаар байгаа юм байна.

Энэ бол алдаа л даа. Хүнд хувь заяа, төөрөг гэж бий. Түүнийг нь жин хэмжүүрээр нь дэнслээд үзэх юм бол магадгүй хоёр туйл руу ойртох биз.

Тийм бол би энэ удаа эерэг туйлд нь дөтөлж ямар нэг их сургуульд сураагүй ч оюуны өндөр мэдрэмж, ухааны ундаргатай явж амьдралаа чимсэн нэгэн буюу Улсын Төв Номын Сангийн алтан фондын эзэн явсан Лувсансономын Батмөнхийг онцолсон минь энэ. Энэ хүн хуучин монгол бичгийн боловсролыг жинхэнэ ултайхан эзэмшжээ. Учир нь гэвэл тав зургаахан настайдаа энэ бичгийг эхлэн заалгаснаа аж амьдралын хүндхэн “шалгалт”, цаг хугацааны алив сорилтын үед орхилгүй явсан байдаг.

Бас Монголын их бичгийн хүмүүс Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ болон Төв Номын Сангийн захирал явсан М.Баянзулаас эхлээд Л.Дагва, Н.Молом нарын эрдэмт нөхдийн нөмөр нөөлөгт мэдлэгээ нэмж чадсан хүн юм билээ.

 Тиймээс түүнд бичиг номын ухааны наалдац, гарын  ур заяаж л дээ. Гарын ур сайтай гэдэг нь монгол босоо бичгээр бичнэ гэж сийлнэ гэсэнтэй дүйнэ гэсэн үг.  Л.Батмөнх гэдэг хүний нэг онцлог нь өнөөгийнхөн шиг “би” гэж өөрийгөө хөөрөгдөх зангүй, даруу гэхэд дэндүү, яриандаа хамт ажиллаж байсан нөхдөө ёстой мэргэд байсан юм шүү гэж магтах.

Үнэн нь академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гэж ярихлаар Монголын орчин үеийн аман зохиолыг үндэслэгчдийн төлөөллийг, Б.Ширэндэв, Х.Пэрлээ, Л.Лувсанвандан, Ш.Нацагдорж гэж дурсахлаар мөн л Монголын шинжлэх ухааны ноён оргилуудын тухай хэлэх хэрэгтэй болно.

Ер нь хэн нэгний тухай яг оносон үг хэлнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа амьдралаа зориулж тэндээсээ мэдлэгийн нандин бүхнийг шүүж авна гэдэг хэн бүхний чадах ажил ч биш.

Харин Л. Батмөнх түүнийг хичээл зүтгэлийнхээ хүчээр хийж чадсан төдийгүй хэнд ч атаархдаггүй, хэнтэй ч барьцдаггүй, хэн нэгний ажилд саад болохоос ямагт зайлсхийдэг болж л өгвөл хүнд туслахыг хичээдэг ховор хүн гэдгийг хүн дотроос хүн эрэхийн далимд мэдрэв.

Тэр зуун зуун хөсөг тэргэний мөөр мултлам их түүх шастир, номс цуглуулж, түүнийгээ мэдлэг оюуны их далай хэмээн санаж олон түмнийг номоор ундаалж явж л дээ. Энэ гавьяа биш гэж үү.

Л. Батмөнх гэдэг эрхэмтэй уулзаад энэ нийгэм чинь тэгээд бид чинь өмнөх үеийнхээсээ гал тасалчихсан юм биш биз гэсэн бодол төрснөө нуумгүй санагдав. Цаг цагийн араншин ийм л сүүдэр дагуулчихаж.

 

*      *      *

 

Арван дөрөвхөн настай жаал хүү Л.Батмөнх IV ангиа төгсөөд л өөрийн нутаг Өвөрхангай аймгийн Баянгол суманд өндөр настай аав, ижий хоёроо асрах, нэгэн айлын амьдралыг авч явахын тулд нэгдлийн 100 сувай хонь даан авч маллажээ.

Түүнийг чадсандаа урамшин бүр олшруулж 200 төлөг авч хариулав. Ахар болоод уртын ноосыг цагт нь авч бүрэн тушаана. Бас амины 30-40 бог малтай.  Тэднийгээ хамтад нь бөөцийлнө. Хэдийг нь шувтарч цайны сүүгээ авна. Тав гурван ааруул тавьчихна. Жаахан хүүд ахадмаар ажилтай байж.

Гэвч аливаад шамдамхай учир бүхнийг амжуулна. Ингэж байтал цуглаж төрөөд цувж буцдаг хорвоогийн жамаар ачлалт аав, ижий хоёр нь хоёрхон жилийн дотор бурханы оронд заларчихав.

Амьдралын тэр, хатуу хөтүүг тэр хөдөлмөрлөж завандаа ном, сонины хуудас эргүүлэн сэтгэлээ дэвтээж байж. Зовлон хүнийг ухаажуулдаг хойно.

Л.Батмөнхийг тав, зургаан настайд нь номтой лам Сэмжидээр түвд, нутагтаа монголтой гэгддэг Жамц гэдэг хүнээр хуучин Монгол үсэг заалгасан нь амьдралд нь дэмтэй болсон гэдэг. Жаал хүүд том олзонд тооцогдох нэг юм нь тухайн үеийн сонины тасархай байв. Тэр олзоороо нөгөө л хуучин монгол бичгээ шамдан үзэхийг хичээнэ.  Тэгж байтал цэрэгт мордож  Нийслэлд ирээд Ардын цэргийн мото буудлагын 096 дугаар ангид албаа хаажээ. Цэрэгт байхдаа би их юм сурсан шүү гэж Л.Батмөнх ярьдаг. Энэ нь Монгол бичгийн унших бичих сонирхлоо улам хөгжүүлсэн гэж байгаа хэрэг.  Харин түвдийг бол үсгээ мэдэх төдийд л орхиж. Яагаад гэвэл  бага сургуульд байхдаа шашны талын ном үзсэн гэгдэж багш нартаа сүрхий бангадуулсан нь мартагддаггүй билээ.

 

*      *      *

 

Энэ зургийн зүүн гар талд байгаа Н.Молом, Л.Дагва гэдэг хоёр хүнийг Л.Батмөнх миний багш нар гэж хэлнэ лээ. Зүүн гар талын таван хүний дунд нь Л.Батмөнх өөрөө байгаа нь.

Л.Батмөнхийн номтой нөхөрлөсөн түүх бас сонин л доо. Тэр цэргээс халагдаад хадмындаа байдаг байж. Бичиг номоо үзсээр л...

Нэг өдөр тэднийд хоёр сайхан хүн ирж. Тэд цай цүй болох үеэрээ Л.Батмөнхийн уншдаг байсан монгол бичгийн сонин орон дээр байгааг хараад ихээхэн анзаарангуй

-Хэн үүнийг үздэг юм бэ гэж. Хадам нь манай хүргэн л эргүүлж тойруулж харагддаг юм гэжээ.

Тэгтэл зочны нэг нь Л.Батмөнхөөс

-Чи энэ бичгийг хаана сурсан бэ гэж асуув.

-Би бүр бага байхдаа хальт мөлтхөн заалгаж байсаан. Түүнээс хойш сонирхдог төдий л хэмээн хариулав.

Энэ үгнээс тэдний анхааралд өртөв бололтой

-За хө чи манай ажил дээр яваад очоорой. Лавхан уулзмаар байна шүү гэдэг юм.

Тэр дагуу очиж. Улсын төв номын сангийн том баганатай байшингийн хаалгыг татахдаа сүрдэж байлаа.

Ортол нөгөө өөрийнд нь зочилсон хоёр хүн байж байх юм. Тэд бол номын сангийн захирал М.Баянзул, түүний орлогч Л.Дагва нар байсныг хожим нь мэдсэн гэдэг. Захирлын хэлснээр бол хоёр өвгөжөөр хүн Л.Батмөнхийг дагуулан гуравдугаар давхарт гарч том хүрэн хаалга татан ороход уртаа цэлгэр өрөөний цаадаас хар сахалтай намхандуу хүн уриалгахан угтаж “миний хүү суу” гэж.

Сүрдэвч өөрийгөө боловсрол гээд байх юмгүй. Дөнгөж дөрөвдүгээр анги төгсгөсөн. Цэргийн алба хаасан зэргээ л хэлэв.

Бас л “Чи монгол бичиг хаа сурсан бэ гэж асууж байв. Багадаа гэрийн сургалтаар жаахан үзсэн гэдгээ ярив.

Гэтэл шалгалаа гэнэ. Хуучин үсгийн номноос уншуулав. Тун гайгүй уншчихсан юм байх.

Тэр шалгаж байгаа хүн маань их эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай гэдгийг тэр үедээ яаж мэдэхэв.

Шалгасан дарга хэлэх нь:

-За хүү минь чи манай газарт ажиллахаар хүн байна.  Монгол бичигтэй бас түвд гадарладаг ийм хүн шинжлэх ухааны байгууллагад хэрэгтэй байгаа юм гэлээ. Буцаад номын сангийн захирал дээр ирэв. Нөгөөдөр ирээрэй гэж байна гэнэ. Цэргээс халагдаад ердөө долоо хоносон ажил төрөл ч гэж бодож амжаагүй  болохоор тэр өдөр нь яваад очив. М.Баянзул захирал шуудхан

-За хө чи туслах номын санч болно доо. Тэр подвальд байгаа ном, судрыг эмхэлж цэгцлэнэ шүү гэлээ.

Ингээд 1973 оны зургадугаар сард их номын далай болсон Улсын Төв Номын санд алтан фондынх нь нэг эзэн байх эхлэл нь тавигджээ. Нэг үедээ түүнийг сорих сорилго байсан ч юмуу жил хэрээтэй аж ахуйн алба хариуцуулж. Дараа нь ном бүрдүүлэгчийн ажилтай болж бараг бүх аймгаар явж судар, ном цуглуулсан нь тус номын сангийн бэлтгэл фондыг арвижуулсан буянтай үйлс байлаа.

Энэ тухай тодотговол 14 аймагт очиж зуугаад мянган ном, судар, 1200 шахам гар бичмэл болоод түүх судлалын хэдэн зуун номтой болсон нь Төв номын сангийн сан хөмрөг  тэр хэмжээгээр зузаарсан гэсэн үг юм.

Л.Батмөнх номын сангийнхаа бэлтгэл архив, фондыг хариуцаж байхдаа 120 гаруй мянган ном хэвлэлийг бүртгэлжүүлэх ажлыг хийжээ. Тэр дотор 1925-1945 онд хэвлэгдсэн уйгаржин монгол бичгийн сонин, сэтгүүлийг картжуулсан байдаг. Энэ бүхнийг хэрхэн амжуулсан тухайгаа тэр ярихдаа:

-Улсын төв номын сан гэдэг бол эрдмийн их өргөө юм шүү.  Даангүй намайг анх ажилд орох үед чинь Монголын шинжлэх ухааны академи, хэлний хүрээлэн гээд бүгд нэг дор байв. Тэгэхээр тэнд чинь тухайн үед Монголын хамгийн сор болсон эрдэмтэд, зохиолчид ажиллаж байсан нь надад таатай байлаа.

Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв, Ш.Лувсанвандангаас эхлээд эрдэмтэн зохиолч Х.Пэрлээ, П.Хорлоо, Д.Цэрэнсодном болон номын садан Н.Молом, Л.Дагва гээд тулхтай түшигтэй хүмүүстэй хамтдаа ажилласан. Тэднээс миний хувьд  аж амьдрал, арга ухааны талын их юм сурсаан.  Тийм лухагаруудад хэрэгтэй цагт нь хүссэн ном судрыг олоод зөөж өгч байсан минь их хувь заяа байлаа гэж дурсан ярьж байналээ. Тийм ээ. Энэ их хувь заяаны нэг нь энэ мөн. Тэр жил Далай лам Монголд нэг удаа зочлохдоо номын санд нь ирж Л.Батмөнхийн гардан бэлтгэсэн Ганжуур, Данжуур сударт мөргөж байсныг хэлэхэд үнэнхүү тод хувь тохиол юм л даа. Далай багш их судрын дэргэд эзэнд нь бас адис хүртээжээ.

Даангүй Б.Ренчин гуайн хоржоонтой хэрнээ ухаан нэмэхээр үгс, Х.Пэрлээ гуайн “Чамайг байхад” гэсэн давтмал хэллэг, Ц.Дамдинсүрэн гуайн эгцэлж харах нь хүртэл ухаарал өгөх мэт царай тэр бүхэн үгээр зүйрлэшгүй юм шүү гэсэн юм.

Л.Батмөнхийн ярьсан бүгд тэр чигээрээ нийгмийн ой санамж мөн тул тухайн цаг үеийн болон Төв номын сан хэмээх их айлын түүхийг хамтдаа туулах шиг санагдаж байлаа. Номын садан Л.Батмөнхөд эрдэмтэн, мэргэдийн талархал, баярласан үгтэй гарын үсгээ хичээнгүйлэн зурж үлдээсэн хуудас бичиг зөндөө байдаг.

Тэр бүхэн хэнд ч хадгалагдаж байдаг диплом, баярын бичиг, өргөмжлөлөөс илүү нандин зүйл нь бололтой юм билээ.  Түүнээс ганц нэгийг сонирхуулъя. Их хүн Ц.Дамдинсүрэн гуайн нэг бичигт

-Л Батмөнхийн эрхэлж байгаа номын сангийн архив фонд бол чухлаас чухал. Энэ нь дутагдсан, олдомгүй ховор номыг олж нөхөхөд их ачтай юм.  Ном, бичгээ сайхан эмхэлсэнд их талархаж байна гэсэн бол Х.Пэрлээ гуай ...номын эрэлд хатсан эрдэмтэн, сэхээтэн нарын цангааг гаргаж, сэтгэлийг баясгаж явахыг сануулья гэж захьжээ. Тэрхүү олон талархсан үг, сануулгыг Л.Батмөнх ажил амьдралын маань зам мөрийг тэгшитгэсэн луужин гэж боддог гэнэлээ.

Тэр бас Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчилэн хийд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны дээд сургууль, эрдэм соёлын хүрээлэн гээд олон байгууллагынхантай хамтран ажиллаж байв.

Нэг сонин баримт гэвэл Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажилд Л.Батмөнх их туслалцаа үзүүлсэн байх юм.

Улс төрийн хилс хэрэгт өртөж хэлмэгдсэн төр, шашин, цэргийн зүтгэлтэн 200 гаруй хүний амьдрал үйл ажиллагааны талаархи лавлагааг хийж 24 хүний дэлгэрэнгүй намтрыг кириллд буулгаж өгснөөр тэр хэлмэгдэгсдийн намтрын товчоон цуврал 18 боть номыг бүтээлцсэн төдийгүй “Харьд хэлмэгдсэн монгол иргэд” нэгэн сэдэвт суурь судалгааны бүтээл мөн “Монгол дахь хэлмэгдүүлэлтийн эхлэл”, “Эргэдэндагва нарын 38 хэрэг”,”Аж үйлдвэрийн комбинатын хэрэг”,”Лхүмбийн хэрэг” зэрэг олон номыг гаргахад Л.Батмөнхийн хийсэн судалгаа гол багана нь болсон гэдэг. Түүний бүтэн гурван жлийн хөдөлмөр түүнд шингэсэн байжээ.       -Энэ их ажлыг та ямар цалин хөлсөөр хийсэн бэ гэхэд “Уг комиссын дарга Ринчин гэдэг хүн –Бидэнд туслаач, харин бидэнд мөнгө цалингийн юм тун бага гэсэн. Гэвч гурван жилд 200-гаад төгрөгийн урамшуулал надад өгсөөн гэж байв.

Л.Батмөнх өгснийг нь чамласангүй. Ердөө л улс нийгэмд тустай үйл учир би туслах нь чухал гэж санаж явж. Харин ч тэр  олон боть ном, судалгааны бүтээлийн эмхэтгэлүүдэд миний нэр байна уу, үгүй юу гэж анзаараагүй нь түүний “би”-гээс хол хүн гэдгийн илэрхийлэл байх л даа. Танд юунаас ч эрхэмлэж явдаг шагнал урамшуулал юу байдаг вэ гэвэл:

-Би чинь тухайн үедээ Шинжлэх ухааны академийн хүндэт самбарт гарч, хүндэт дэвтэрт нь бичигдэж явсан. Энэ бол санан дурсахад хамгийн эрхэм зүйл юм даа гэж байна лээ.

 

*      *      *

 

Л.Батмөнх олон том эрдэмтэн, мэргэдтэй нэг дор ажиллаж байсан. Тэднээс сурсан мэдсэн юм нь их гэдгийг дээр өгүүлсэн билээ.

Харин ахуй амьдралын хувьд тэдэнтэй хэрхэн харьцаж, үг сургамжийг авч байсан тухай сонин хачин юм зөндөө л байдаг гэнэ.

Нэг удаа академийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Пүрэвдагватай хоёул Архангай аймгийн Тариатад очиж ном, судар хайх ажлаар явах болж л дээ. Түүнийг нь Ц.Дамдинсүрэн гуай сонсчихож. Тэгээд л Батмөнхөд захиж хэлсэн юм байна.

-За хө Батмөнх минь Хар гэрт ном бий

Хазгар эмгэнд эрдэм бий гэдгийг санаарай гээд

Цагаан гэр бараадаж

Цэвэрхэн хөнжилд унтаж

Царайлаг хүүхэн өвөртөлж

Цагийг бараад ирэв дээ гэж. Энэ нь хошигнох аястай ч зорилго чинь амаргүй шүү боломжийг зөв ашиглаарай гэсэн үг байлаа.

Л.Батмөнх ч үүнийг энэ утгаар ойлгосон гэдэг.

Б.Ренчин гуайтай нэг удаа ажлын заваар элдвийг хөөрөлдөж суухдаа Л.Батмөнх сүрхий зориглон

-Та үгээр хүнд тэгтлээ дийлддэггүй юм гэсэн тэгвэл хэн нэгэнд чадуулсан удаа байдаг уу гэж асуужээ. Тэгэхэд өвгөн сахлаа имрэнгээ

-Би Дандар баатарт л нэг мадлуулсан даа гэж

-Яаж... гэж сонирхвол

-Баатар эр маань зүггүйтээд шийтгүүлсэн үе нь байв. Олзны япончуудаар офицерүүдийн ордны барилгыг бариулах үүрэгтэй явж. Энэ үед нь тааралдаад

-За Дандар минь ядарч байна уу даа гэсэн чинь

-Ядарч байна уу, чадарч байна уу. Чам шиг муу орог саарал ухнанд ямар хамаатай юм гэдэг байгаа. Би юу ч хэлж чадаагүй. Уг нь өөрийг нь өрөвдөөд л тэгж асуусан юм гэж байлаа.

Бас Х.Пэрлээ гуайг урьд нь сайн мэдэх биш. Хөдөөгөөс сонинд юм бичсээр байгаад Хөдөөгийн гэгдэх болсон хүн гэж сонссон. Дайны үед бичсэн “Цэнхэр дурдан алчуур” дууг нь мэдэх төдий. Харин хамт ажилласнаас хойш эгэл, энгийн хүн гэдгийг нь ухаарсан юм гэж Л.Батмөнх ярив. Нэг удаа Л.Батмөнхийг номын сангийнхаа урдуур гараад хүүхдийн парк руу очиход Х.Пэрлээ гуай нэг чулуу сандайлчихсан их юм бодсон янзтай сууж байх юм гэнэ. Түүнтэй мэнд мэдэх зуур

-За хө чи хаачиж явна гэжээ. Л.Батмөнх “Би цэнгэг агаарт тамхиа л нэг сайхан татах санаатай. Харин та юу хийж байна даа гэвэл

-Би архи уугаад авгайдаа агсан тавиад гэрээсээ хөөгдчихлөө. Тэгээд хаашаа явахаа мэдэхгүй сууна гэхтэйгээ зэрэг бавгар цагаан сахлаа хөдөлгөн инээвхийлэв. Энэ нь наргиа шүү гэсэн үг байлаа гэж.

Энэ тохиолуудыг номын садан –зочин маань төсөрхөн яриандаа хачир болгон дурссан юм. Хүний амьдралд эргэн дурсмаар юмс бишгүй л байдаг даа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин