×
2023-06-09

Тэсгим хүйтэнд гүзээлзгэнэ тарьж ургуулан, монгол брэнд болгосон Х.Алтанцацралт зөвхөн эко буюу өтөг, бууц тэргүүтнээр бордсон улаан лооль, өргөст хэмхний шинэ брэнд бий болгоод байна.

Ингээд түүний талаар "Сэрүүлэг" сонинд нийтлэгдсэн нийтлэлийг хүргэж байна.  

 

1,4 тэрбум төгрөг босгосон монгол ногоочин Х.Алтанцацралт 

 

Товчхондоо Монгол гүзээлзгэнийн  гэсэн нэртэй Х.Алтанцацралтыг мод бут, жимс ногоо тарьдаг, тарих дуртай, эсвэл сонирхдог хүмүүс хэдийнэ таних болсон. Өвлийн тэсгим хүйтнээр Монголд, өвлийн хүлэмжинд тарьсан хараад л арааны шүлс асгарам гүзээлзгэнийг гайхуулсан мөнөөх эр.

Жавар хургаж, цас хуйсагнасан аравдугаар сард өвлийн хүлэмжээ барьж эхлэн, тэсгим хүйтэн арванхоёрдугаар сард гүзээлзгэнийн үрсэлгээгээ суулган ердөө л нэгдүгээр сард анхны ургацаа авсан энэ эр цагаан сарын цасан дунд монголчуудыг Монголын хөрсөнд ургасан гүзээлзгэнээр дайлж байв. Солонгос гүзээлзгэнэ нэг кг нь 45 000 төгрөг, харин Монголын гүзээлзгэнэ 36 000 төгрөг. Гэхдээ түүний амт хаанахтай ч өрсөлдөмгүй часхийсэн бөгөөд ямар ч химийн бордоо хэрэглээгүй гэдгээрээ онцлог. Харамсалтай нь төсөрхөн монгол гүзээлзгэнэ нэрд гарахын хэрээр Хятадаас оруулж ирсэн “усан” амтат гүзээлзгэнийг “монгол” хэмээн хаа сайгүй зарах болсныг тэрээр халаглан ярьж байсан.

Харин энэ удаа Х.Алтанцацралт бидний селекц хийж байгаа алимны мод, анхилам үнэрт Голт борын цэцэгсээр гайхуулан угтав. Зун богино, өвөл урт Монголд алимны мод тэр бүр атгын чинээ жимс өгдөггүй. Тэгэхээр мань эр өлчир чийрэг үрэлний модонд япон, орос алимны мод тэргүүтний мөчрийг залгаж туршиж байгаа аж. Үр дүнд Монголын цаг агаарыг давж гарах бондгор алим “мэндлэх” учиртай. Гэтэл мөчрөөс нь тайралт хийсэн алимны мод эсэргүүцэл илэрхийлэн тунирхаж, навчаа дэлгэхгүй уурлаж байгаа, хашир модоо аргадан дусал залгаад байгаа гэнэ ээ.  Аргадалт үр дүнгээ өгч магадгүй шинжтэй бяцхан навч цухуйж харагдана. Харин өнгөрсөн жил ийм эвцэлдүүлэлт хийсэн үрэлний мод эгээ л яс бороолох мэт эдгэн бие биетэйгээ найрсан ургаж байгааг “Яг энүүгээр залгасан байхгүй юу. Харж байна уу, сайхан эдгэсэн байгаа биз” хэмээн зааж ирээд л харуулав. Санаа нь Монгол сортын бондгор алимтай болох гээд л үзээд байгаа хэрэг.

Түм түжигнэж бум бужигнасан хотын хоймор бидний VI бичил хороолол гэж нэрлэдэг тэрүүхэндээ Green house хэмээх жижигхэн хашаанд болжмор жиргэж, голт борын анхилам хурц үнэр түгж, хотын чимээ шуугиан ч намжаад ирэх шиг. Биднийг ярилцах зуур байнга шахам хүмүүс ирж, гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лоольны үрсэлгээ, бас мод бутны үнэ асууна,бас худалдаа наймаа хийнэ. Хүмүүс нь бүгд "Шувуун фабрик" дэх хүлэмжний тариалалтдаа мордож, харин мань эр “гэр”-ээ сахиж худалдаагаа хийж байгаа гэнэ ээ.  "Энд байдаг гээд хүмүүс сураглаад ирэхэд хүн байхгүй бол загнуулна шт" гэж тэрүүхэндээ тайлбар хэлнэ. Green hause төдий л томгүй, бас бяцхан гэж хэлмээр зайд нандин модоо тарьсан, бас үрслүүлгээ танилцуулах болон нөгөө нандин алимны модоо торниулж буй шилэн хүлэмжтэй. Харин хамгийн гол хэсэг нь газар доорх зоорь. Тэнд далий ягаан, голт бор, цагаахан хус, монос  гээд олон мод “унтаж” байгаа. Нялх моддыг 0 хэмд унтуулж байгаад эзэн нь ирэхээр эх хөрсөнд нь тарих ёстой.  Гачуур, нарс 25 000-50 000, голт бор 8000, хүнээс ч өндөр ургасан гоолиг хус 25 мянгаас гээд моддыг хүмүүс ихэд сонирхож худалдан авч байна лээ. Дашрамд мод тарихад өнөөхөндөө оройтоогүй байгаа гэсэн шүү. 

Филатовагийн тушаалтай удирдагчдын цэцэгчин

 Х.Алтанцацралт биологич мэргэжилтэй. Ээж нь хими-биологич, аав нь эмч. Хүү ухаан ороход нь өрөөний хананд нь Менделеевийн үелэх систем хадаатай. Байгалийн, биологийн, хүний амьдралын яриа байнга өрнөдөг гэр бүлийн хувьд биологич мэргэжил бараг захиалаастай. Байнга байгалиа хамгаалах талаар яриа хүлхэж өссөн хүүгийн мод бут, цэцэг жимстэй “холбогдсон” түүх бүр сонин, өөрөө бол хувь тавилан, ховор тохиох аз гэж билэгшээдэг.

Биологич мэргэжлээр төгссөн урт үс, өргөн өмдттэй сахилгагүй товариш 23 насандаа тухайн үеийн хүүхдийн “Найрамдал” зуслан дөрвөн улирлын, хичээлийн сургалттай зуслан болоход биологийн багшаар ажиллах болж. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан тухайн үеийн тэргүүн хатагтай  Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн шууд удирдлагад. Түүхийн нэгэн цаг хугацаанд сайн, муугаар хэлэгдэж байсан энэ хатагтай Монголын хүүхдүүдийн талаар олныг хийснийг өдгөө хүмүүс мартаагүй.

Шинэхэн томилогдсон биологийн багшийг Филатова шууд л шинэхэн баригдсан хүлэмжний даргаар томилж, Монголд айлчлан ирдэг том дарга, зочид төлөөлөгч нарт барьдаг баглаа цэцгийг бэлтгэж байх үүрэг өгч. Шар бензээр тухайн үедээ дипломат цүнх гэж нэрлэгддэг нууц шифр бүхий хоёр чемодан Англи сайн сортын үрээр цэцэг тэр дундаа роза /сарнай/ тарих ёстой. “Төрийн” цэцэгчинд “Адидас” фирмийн пүүз, бэлтгэлийн цамц илгээсэн нь шигшээ багийнханд ч олддоггүй гангараа. Харин шинэхэн цэцэгчний хувьд жинхэнэ шок. Оюутан байхдаа номын санд сууж үзээгүй “аварга” тэр дороо Сталины номын санд карт нээлгэн, өдөр нь ажлаа хийж, шөнө нь цэцэгсийн тухай ном судалж суудаг болж. Бас туслахтай. Гуч гарсан, гурван хүүхдийн ээж эгчийг шороо зөөлгөөд байлтай биш гэж өөрөө шороогоо үүрээд гүйнэ. “Адидас”-ын хослолтой төрийн цэцэгчин. Уг нь тэр хүний дарга нь.

Эхний цэцгийн баглааг хичээнгүйлэн бэлтгээд хатагтай руу илгээв. Тухайн үедээ юм ховрыг ч хэлэх үү, цэцэг боох ганган баглаа, тууз тэргүүтэн гадаадаас ирнэ. Эхний таван баглаа ямар дүн авахыг сандран хүлээж байтал Анастасия авхай шар бензээрээ өөрөө давхиж ирээд баглааг нь нүүр рүү нь шидэж орхижээ. Баглааг чимэглэсэн навчны ар талд шороотой байж. Анастасия ахайтанд “алууллаа” л гэж бодно биз дээ. Гэхдээ төрийн цэцэгчнээр таван жил ажиллаж, мэдээж хэрэг баглаа болгоныхоо навч цэцэг болгоныг хөвөнгөөр нямбайлан арчдаг болж. Бодвол маш сайхан баглаа ч бэлтгэдэг болсон байлгүй. Магадгүй тэр үеийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын зурагнаас та Х.Алтанцацралтын бэлтгэсэн баглаануудыг харах байх. Баглаа цэцэг барих нь байтугай харсан нь ч цөөхөн хүн байсан цаг үе бий гэчихвэл одоогийн залуус гайхах болов уу яах бол?

 

1,4 тэрбум босгосон ногоочин

 

Х.Алтанцацралтын ярих нь: Монголын газар тариалан, хөдөө аж ахуйд жимс-нарийн ногооныхон гэж орхигдсон, хойноос нь төрчихсөн юм шиг хаягдсан хүмүүс. Газар тариалангийнхан гэхээр төрөөс дэмжлэгтэй, үрээ, техникээ, зээлээ авна. Хавар хэдэн арван га-д тариа, ногоогоо тарьчихаад цөөн хэд нь усалгаатай, ихэнх нь тэнгэр хангай харж, бороо оруулах гэж бөө, лам болоод явчихна. Намар ургац алдвал яам руугаа тусламж гуйна. Буудайг нь худалдаж авахгүй бол талбай дээр очиж асгаж жагсана.

Гэтэл жимсний аж ахуй бол хэдэн өрхийн нуруун дээр л байдаг. Төрөөс дэмжлэггүй, өөрсдөө шинэчлэл хийх хөрөнгө санхүү байхгүй.

Шувуун фабрикт л гэхэд нэг ногоочин айл өглөө хэдэн ногоогоо хураагаад портерт ачаад хот руу давхина. Хажуу хашааных мөн адил бас нэг портертой давхина. Дэлгүүрүүд бид “Барс”-аас авчихдаг гээд авахгүй, магадгүй бүгд хужаа ногоо авна. “Барс” дээр очоод бөөндөх гэхээр ченжүүд гэх том том жийптэй яравгар хүмүүс. Машины шилээ хальт буулгасан болоод “Өргөст хэмхний үнэ унаж байгаа шт. Шуудай нь төд...”. Ногоо, жимсээ зарахгүй бол орой гэхэд шалчийна, сууна, муудна. Манайхан яахав, уралдаад л үнээ буулгаад, бие биеийнхээ үнийг цохиж унагана. Жимс, ногооны тариалан “хүй нэгдэл”-ийн үеийнхээр. Шинэ техник, технологи нэвтрээд байдаг, манайхан дөрвөн мөчөөрөө, хүрз бариад нүдээд байдаг. Эцэс сүүлд нь хэдэн ногоочны амьдрал ч дэвжихгүй архинд ороостой.

Японд гэхэд ногоочид ногоогоо тарьж, “Japan agriculture” компани, түгээлт, борлуулалтыг нь хариуцна. “JA”  Гэсэн логотой машин, брэндийг бүгд мэддэг. Монголын ногоочид ямар ч зохион байгуулалтад ороогүй, бор зүрхээрээ. Уг нь ногоо тарьдаг нь ногоогоо тарьж, борлуулалт хийдэг нь борлуулалтаа хиймээр. Адаглаад биеэ золин байж тарьсан ногооныхоо үр шимийг бусдад алдмааргүй байдаг. Эвлэлдэн нэгдэж, хоршиж хөдөлмөрлөмөөр байна, шинэ түвшинд гармаар байна.  Адаглаад нэг айлаас нэг портер давхиж байхаар дундаа түгээлтээ хийгээд, бензин шатахууныхаа зардлыг хуваалцаад, үйл ажиллагаагаа нэгтгэвэл...

Ийн олон жил бодсон бодлоор тэрээр Монголын ногоочдын холбоо байгуулан 20 га газарт 60 ширхэг хүлэмж байгуулах, цаашилбал Монголын жимсний салбарыг шинэ түвшинд гаргах төсөл боловсруулж, салбарын яамандаа ханджээ. Ашгүй нааштай ч хариу авч. Гэвч ээлжит сонгууль болж, нам солигдон яам нь ч солигдож. Ингээд Монголын эко агро парк байгуулах төсөл будаа. Сонгуулийн циклиэр өөрчлөгдөж байдаг Монголын амьдралыг ч яалтай.

Санхүүжилтгүй болсон Алтанцацралт зүгээр суусангүй ээ. Монголоосоо, өөрсдөөсөө хөрөнгө босгоё, нэг нэгээрээ зүтгэх биш, “нэг айл” 30 сая төгрөг босгоод паркаа байгуулья гэж олон нийтийг уриалад 30 гаруй хүмүүс нэгдэн 1,4 тэрбум төгрөг босгоод ирэв. Монголчууд эвлэлдвэл чадна гэдгийн жишээ. 1,4 тэрбум төгрөг гэдэг бага бус мөнгө. Ингээд өгүүллийн эхэнд хэлсэнчлэн өвлийн шуурганаар хүлэмжээ барьж эхэлж. Нэг хүлэмж гэхэд 202 сая төгрөг. Өөрсдийн гараар барьж байгуулав. Ердөө л үрсэлгээ хийснээс ганцхан сарын дараа анхны ургацаа гардан авав. Ингэж Баянчандманийн гэх нэртэй болсон монгол брэнд гүзээлзгэнэ зах зээлд гарсан түүхтэй. Ердөө л саяхан шүү дээ. Юун Сайншандын парк. Хэдэн жил, хэдэн тэрбумаар хашаа барьж байгаа том, том төслүүдийн дэргэд зургаан сарын дотор үр өгөөжөө, өгч үр дүн нь мэдрэгдэж, брэнд болсон төсөл. Гол нь газраа ухаж, баялгаа зөөж, байгалиа самрахгүй. Жилийн дөрвөн улиралд Монгол хөрсөн дээрээ ургуулж байгаа “алт” л гэсэн үг. Сонсох нь ээ 2,5-3 жилийн дотор цэвэр үр ашгаа өгнө гэсэн тооцоотой гэнэ лээ.

Харин өнөөдөр “Баянчандмань агро парк”-ийн талаар санаачлагч нь жаахан дуу султай. Монгол гүзээлзгэнээ худалдан авч, монголчуудаа дэмжээрэй гэсэн уриа цуурай нь ч сонсогдохоо больж. Хөрөнгө оруулагч буюу 30 гаруй монгол санаачлагчийнхаа ”үг”-ийг сонсохоо больсон юм байх. ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлээгүй, гүзээлзгэнэ тариад Монголд хэн худалдаж авах билээ гэх мэт үгсийг ч анхнаасаа сонсч байсан бололтой юм.

“Би технологио таниулсан, сургасан, байгууламжаа барьсан, жимсээ тарьсан, миний гүзээлзгэнэ брэнд болсон. Би одоо тэдэнд хэрэггүй болсон” бололтой гэсэн гунигтай, гомдолтой үг. Магадгүй хэдийнэ эхлэлээ тавьсан, брэнд болж эхэлсэн энэ аж ахуй цаашид ч амжилттай ажиллаж болох л юм. Гэхдээ мэргэжлийн хүн, анхлан санаачлагчгүйгээр...

Мэргэжлийн хүнийхээ үгийг сонсдоггүй, эвлэлдэж нэгдэж чаддаггүй миний монголчуудын зан гэж.

 

Монгол ногоо дэлхийг гайхуулна

Х.Алтанцацралт гандан буурахгүй. Шувуун фабрикийнхаа аж ахуйд ногоогоо тариалж байна. Тун удахгүй шинэ ургацын өргөст хэмх, улаан лооль нь худалдаанд гарна. Тэр үед дэмжээд өгөөрэй гэж хэвлэлийнхэн, монголчууддаа аминчлан захиж байна. Монгол хөрсөнд, ямар ч химийн бордоогүйгээр зүрх сэтгэлээ шингээн тариалсан амтат нарийн ногоо, жимсийг авч хэрэглэнэ гэдэг уг нь хүнээр гуйлгаад байх ч зүйл биш л дээ.

“Манайхан оросуудын архины даруулга шахам хэрэглэдэг өргөст хэмхийг тариалаад сурчихсан. Тэрийгээ л сайн гэдэг. Манай үр, сорт бол ондоо шүү дээ” гэж ирээд дуртай зүйлээ, мэргэжлийн ажлаа ярихаар нүд нь сэргэх.

“Манай ногоог хүмүүс амсч үзчихээд “Ямар бордоо хийсэн юм бэ гэж гайхаад шалаад салдаггүй юм. Гүзээлзгэнэ бол аманд час хийгээ л арааны шүлс асгарна шүү дээ”. Алтанцацралтын бүтээл яагаад ийм амттай байдаг талаар өгүүлэх гэвэл бас л урт яриа болно. Монгол хөрс, монгол бордоо, Монголын нар салхи, дөрвөн улиралтай цаг агаар гээд уртын урт яриа өрнөв. Энэ тухай жич өгүүлэх боломж олдоно гэж найдаж байна.

-Монголд 60 сая мал үнэгүй, эрүүл бордоо “үйлдвэрлээд” хээр хөсөр хаягдаж байна. Гэтэл бид химийн бордоогоор бордсон. Гэтэл муутгахгүй гээд гадуур нь лааны тос түрхчихсэн, жимс ногоо идэж яах юм бэ? Мөн зургаан хүн /ээж аав, авга эмээ, өвөө, нагац эмээ, өвөө/-д ганц оногдох “эрхийн балай” хүүхэддээ /Хятадын нэг өрх-нэг хүүхдийн бодлого/ хамгийн амттай, эко бүтээгдэхүүнийг ямар ч үнээр хамаагүй худалдаж авч өгөх зах зээл хажууд байж байхад... Бид байгалийн, дөрвөн улирлын жимс, нарийн ногоог тарихад дэлхийд гайхуулна. Ядахдаа өөрсдөө эрүүл хүнсээ хэрэглээд өмнөд хөршдөө экспортлоё-Түүний мөрөөдөл. Магадгүй удахгүй ажил хэрэг болох мөрөөдөл.

Энэ мэтчилэн олныг өгүүлж болох. Эхний удаад монголчуудаа эрүүл жимс ногоогоор хангах, алсдаа экспортлох мөрөөдөл биелэх болтугай хэмээгээд энэ удаагийн урт бөгөөд өгөөжтэй яриаг өндөрлөсүү.

Харин яг одоо түүний мөрөөдөл болсон эко улаан лооль, өргөст хэмх худалдаанд гараад байгаа шүү. 

Хэрвээ та асууж тодруулах зүйл байвал ЭНД дарж эсвэл 99116763 94949200 утсаар холбогдоорой. 

А.Туяа