×
2023-05-30

Энэхүү чуулга уулзалт нь орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жил, Монгол Улсын баруун хил дээрх зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ой тохиосон түүхэн цаг хугацаатай давхцаж байгаа төдийгүй Төрийн тэргүүний ивээл дор анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

 

 

Хил хамгаалах байгууллагад 2600 гаруй эмэгтэйчүүд ажиллаж хөдөлмөрлөж байгаа бөгөөд үүний дийлэнх хувь нь хөдөө орон нутагт, хилийн цэргийн анги, салбарт ажиллаж байна. Тэдний төлөөлөл болсон 450 гаруй хилчин эмэгтэйчүүд чуулж байна.

Чуулга уулзалтын зорилго нь Монголын төрөөс хилчдийн, хилчин бүсгүйчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж, оновчтой санал, санаачилга дэвшүүлэн, уриалга, зөвлөмж гаргах юм.

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, Хилчин эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эхчүүдэд “Алдарт эхийн одон” гардуулан, баяр хүргэж үг хэллээ.

 

 

 

Чуулганы үеэр Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Хил хамгаалах байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах боломж, хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудал болон бусад асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.